Улаанбаатар хот 2017 онд метротой “болсон”. Одоо энэ жил хотын захиргааны шинэ орд харш Яармагт ашиглалтад орно. Энэ тухай хэвлэлийн хуудаснаа цагаан дээр хараар бичиж үлдээсэн байна. Гэхдээ хоёр өөр хотын захиргааны аль аль нь энэ 2019 онд ашиглалтад орох байв.

Эхнийх нь улсын баатар Э.Бат-Үүл хотын мээр байхдаа 2013 оны зургадугаар сарын 19-нд шавыг нь тавьсан Сонгинохайрхан дүүргийн Ханын материал дахь хотын захиргааны байр. Уг байрыг 2019 онд ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж төрийн тэргүүнээ аваачин тууз хайчлуулсан. Дараагийнх нь С.Батболд хотын мээр болоод Яармагт шав тавьсан хотын захиргааны байр төлөвлөгөө ёсоор бол хэдхэн хоногийн дараа буюу ирэх долдугаар сард ашиглалтад орж, хотын захиргаа нүүх ёстой.

Анх Ханын материалд баригдахаар шав тавьж, тов нь гарсан хотын захиргааг 2016 онд Яармаг орчим буюу Нүхтийн аманд барьж байгуулах шийдвэр гаргахад хотын дарга асан Э.Бат-Үүл “Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетинкийн дэмжлэг үзүүлэх гэж байна. Яалаа гэж ингэж байгаа юм бэ. Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна. Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байжээ.

Тухайн үеийн хотын дарга С.Батболд “Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй. Хотын захиргааг Ханын материал руу нүүлгэхээр барилгыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар бариулах ажил яригдаж байсан. Концессын гэрээ нь хүчингүй болсон. Баянхошуу дэд төвийг хөгжүүлнэ. Хотын захиргааг барихаар төлөвлөсөн байсан газарт орлогод нийцсэн орон сууц барихаар НОСК ажиллаж байна. Нүүх дуртайдаа эсвэл шинэ байранд орох гээд байгаадаа биш хот өөрөө үлгэрлэж хотын төвөөс нүүж болдог юм байна, захиргааны байгууллага нь гарч болдог юм байна гэдгийг төрийн захиргааны байгууллагууд болон бусад газруудад харуулахыг зорьж байгаа юм” гэсэн тайлбар өгч байв. Тэр бүү хэл нийслэлийн Засаг дарга асан С.Батболд УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулахдаа хотын захиргааг нүүлгэх, шинээр барих шаардлагагүй. Эндээ болоод л байна хэмээн хариулж байсан удаатай. Гэхдээ тэрээр удалгүй хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргасан юм.

2013 он. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн үед Ханын материалд хотын захиргааны шав тавив.

Ханын материалд хотын захиргааны ийм барилга баригдахаар зураг төсөл нь гараад байсан юм.

Харин өнөөдөр 2019 оны зургадугаар сарын 25. С.Батболдын шавыг нь тавьсан хотын захиргааны шинэ байр хэдхэн өдрийн дараа үүд хаалгаа нээх ёстой. Гэвч шинэ байр нь үүдээ нээхгүй, хотын захиргаа нүүхгүй.

Учрыг нь тайлъя. Яармагт 2018 онд эхлүүлсэн хотын захиргааны гурван блок байрны эхнийх буюу А блок нь энэ онд, ирэх намар ашиглалтад орохоор байгаа аж. Гэвч нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөр бодолтой байгаа ажээ.

Тэрээр Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар талаар иргэдийн дунд санал асуулга явуулна гэсэн байр суурь барьж байгаа юм байна. Энэ талаар www.xot.city.mn хэмээх цахим хуудаснаа мэдээлжээ. Уг цахим хуудасны холбоо барих хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн утас, хаяг байгаагаас харахад нийслэлийн Засаг даргын албан ёсны байр суурь гэж болох бизээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хир зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэдгийг дээрх сайтад онцолжээ.

Яармагт баригдаж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилга бөгөөд нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй юм байна. Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй тус барилгын зориулалт, ашиглалтыг нийслэлийн иргэдэд чиглэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа гэдэг үндэслэлээр иргэдийн дунд санал асуулга явуулах юм байна.

Ийнхүү сүүлийн зургаан жилийн дотор гурван мээрийн өнгөн дээр хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх, шинэ байр барих асуудал гурав дахь шийдэлтэйгээ золгож байгаа ажээ.

Хотын захиргаа нүүх үү, үлдэх үү? гэдэг асуултад цэг тавигдаж ч мэдэх нь.

2017 он. Яармагт хотын захиргааны байрыг барьж эхэлжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд барилгын явцтай танилцаж буй нь.

Яармагт энэ жил ашиглалтад орох хотын захиргааны байр.

Барилгын явц.2019 оны 6-р сарын 20.