П.Дэлгэрмаа: Хурц өвдөлтийг архагшуулахгүй эмчлүүлэх нь чухал

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Дотор, мэдрэлийн тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, мэдрэлийн ахлах зэргийн эмч П.Дэлгэрмаатай иргэдийн дунд зонхилон тохиолддог эмгэгүүдийн нэг болох бүсэлхий ууц нурууны өвдөлтийн талаар ярилцлаа.

Бүсэлхий ууц нурууны өвдөлт хэр тохиолддог вэ?

Бүсэлхий ууц нуруу хэсгээр өвдөх, хөл рүү дагаж өвдөх нь үйлдвэрлэл хөгжсөн орнуудын хүн амын дунд 60-70 хувь тархалттай байдаг. 35-50 орчим насны хүмүүсийн дунд хамгийн их тохиолддог. Нурууны өвдөлтөөс болж үйлчлүүлэгчид богино болон урт хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдаж, эмнэлэг сувилалд хэвтэн эмчлүүлдэгтэй холбоотой эдийн засаг санхүүгийн хохирол ихтэй. Манай улсын 2017 оны хэвтэн эмчлүүлэгчдийн зонхилон тохиолдох өвчлөлд мэдрэлийн тогтолцооны өвчин тавдугаарт байгаа ба түүний дундаас мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг 37.2 хувийг эзэлж байна. Манай эмнэлгээр амбулаториор болон тасагт хэвтэн үйлчлүүлэгчдийн дунд бүсэлхий ууц нурууны өвдөлт зонхилон байна.

Ямар шинжүүд байх вэ?

Энэ өвдөлтийг хоёр ангилна. Өвөрмөц бус өвдөлт буюу тодорхой шалтгаангүй нуруу ууц, өгзөг хөл рүү дагаж өвдөнө. Энэ үед өвдөлт тахимаас доош дамжихгүй. Өөрөөр хэлбэл нурууны булчин хальс үений өвдөлт юм.

Өвөрмөц өвдөлт тодорхой шалтгаантай огцом хөдөлгөөн хийх, бөхийх, хүнд зүйлийг өргөх үед бүсэлхий орчмоор хүчтэй өвдөж эхэлнэ. Өвдөлт өгзөг гуяны араар тахимын хонхор шилбэ хөлийн тавхай руу дамжина. Хөдөлгөөн хязгаарлагдаж хөдөлгөөн хийхэд өвдөлт сэдэрнэ, нуруу аль нэг тал руугаа муруйдаг.

Нурууны өвдөлтийн шалтгаан юу вэ?

Зонхилон тохиолдох шалтгаан нь нурууны нугалам хоорондох дискийн ивэрхий (хүмүүсийн дунд нурууны суулт гэдэг) болон нурууны нугалмын остеохондроз, спондилез, спондилоартроз (хүмүүсийн дунд нурууны шохойжилт гэж ярьдаг), нурууны нугалмын гулсалт-спондилолистез мөн настай хүмүүст ясны сийрэгжилттэй холбоотой нурууны нугалмын шахагдсан хугарал юм. Нурууны дискийн ивэрхийн үед мэдрэлийн ёзоорууд шахагдаж, дарагдсанаас өвдөхөөс гадна тухайн ёзоор мэдрэлжүүлэлтийн бүсээр мэдрэхүй алдагдах, хөлийн тодорхой булчингийн хүч суларч болно. Цөөн тохиолдолд нугасны болон нурууны ясны хавдар,үсэрхийлсэн хавдар, ясны сүрьеэ, үрэвслийн үед (нурууны буглаа), хөлийн эмгэгүүдийн үед (чөмөгт ясны хугарлын дараа хөл урт богино болох, хөлийн шөрмөс булчингийн гэмтлийн дараа), үе мөчний өвчнүүдийн үед (өвдөгний үений остеоартритийн улмаас хөлийн тэнхлэг өөрчлөгдөх, түнхний үений остеоартрит) шалтгаан байна. Бөөрний үрэвслийн үед хүмүүс нуруу өвдлөө гэдэг ч энэ нь илрэх шинжүүдээрээ ялгаатай.

Мөн амьдралын буруу хэвшлээс үүдэж багана нуруу аль нэг хажуу тал руу мурийх, сээрээр бөгтийж бүсэлхий нурууны хотойлт арилна. Хүүхдээ багаас нь зөв суулгаж сургах, олон цагаар суух бол заавал завсарт нь босож амарч байх хэрэгтэй гэдгийг хэвшил болгон эцэг эхчүүд зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Хүүхдээ спортоор хичээллүүлэн эрүүл зөв дадлыг суулгаарай.

Яаж оношлуулах ёстой вэ. Учир нь иргэд дур мэдэн ам дамжсан яриагаар тос түрхэх, эсвэл яаран бариа засал хийлгэх гэдэг?

Мэдрэлийн эмчид үзүүлж оношлуулна. Эмчийн зөвлөмжийн дагуу шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэнэ. Өвөрмөц бус бүсэлхий нурууны цочмог өвдөлттэй үйлчлүүлэгчдэд дүрс оношилгооны шинжилгээ хийхгүй. Настай хүмүүст цусанд эрдэс кальци, витамин Д тодорхойлох, ясны сийрэгжилтийг тодорхойлох шинжилгээг хийдэг. Өвөрмөц өвдөлтүүдийн үед манай эмнэлэг хэвлийн эхо, дижитал рентген, компьютерт томограф, соронзон резонаст томограф шинжилгээнүүдийг 24 цагаар хийж оношилно. Харин манай эмнэлгийн амбулаторийн ажлын бус цагийн үзлэг зөвлөгөө бямба гаригт 10-14 цагт явагддаг. Нурууны өвдөлтүүдийг ялган оношлохын тулд дээр дурдсанаас гадна нэмэлт шинжилгээнүүдийг хийж болно.

Эмчид үзүүлэхээс өмнө дур мэдэн эмчилгээ хийлгэх хэрэггүй. Ясны хугарал байж болзошгүй унасан гэмтсэн шалтгаантай, хавдраар өвдсөн, халуурсан үрэвслийн шинжтэй, нурууны өвдөлт шөнө ихэсдэг зовуурьтай, нэг эсвэл хоёр хөл суларсан, шээс хаагдах эсвэл задгайрах зэрэг шинжтэй нурууны өвөрмөц өвдөлтүүдийн үед бариа засал хийлгэж болохгүй. Нурууны арьсанд өөрчлөлтгүй үед хэсэг газарт өвдөлт намдаах үрэвслийн эсрэг тоснуудыг хэрэглэж болно.

Эмчилгээг хэрхэн хийдэг вэ. Эмчлүүлэлгүй явснаар ямар эрсдэл үүсэх үү?

Манай тасагт нурууны өвдөлтөд эмчилгээний олон аргуудыг хэрэглэдэг. Үйлчлүүлэгчид өвдөлтийн талаар тайлбарлаж ойлгуулах, нурууны дэглэмийг зөвлөх, эмийн эмчилгээнүүд, хөдөлгөөн засал, физик эмчилгээг хавсран хийдэг. Эмийн эмчилгээг 5R зарчмаар хийдэг. Зөв эмийг сонгож, зөв аргаар, зөв тунгаар, зөв цагт нь хэрэглэж, зөв мэдээллийг өгдөг. Мэдрэлийн ёзоор дарагдлын үед богино хугацаанд өвдөлт намдаах хориг тарилга эмчилгээг хийдэг нь олон давуу талуудтай. Үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг богиносгоно, амьдралын чанарыг сайжруулна, эмнэлэгт хэвтэх хугацааг багасгана, эдийн засгийн зардлыг багасгана. Хурц өвдөлтийг архагшуулахгүй эмчлүүлэх нь чухал учраас эмчийн зөвлөмжийн дагуу тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Нурууны өвдөлт архагших нь үйлчлүүлэгчийн өвдөлтийн талаарх ойлголт муу байх, өвдөлттэй тэмцэх сэтгэл зүй муу байх, өвөрмөц бус өвдөлтийг хэт хүнд гэж санаа зовох, оношилгооны зургийн хариуг хэт хүндрүүлж ойлгох зэргээс хамаарна. Иймээс нурууны өвдөлтийн цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай. Тодорхой заалтын дагуу нурууны мэс засал эмчилгээ хийдэг.

Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох уу?

Урьдчилан сэргийлэлт зөвлөмжийг хүргэе.

1. Өдөр бүр тохирсон дасгал хөдөлгөөн хийж байх нурууны булчин хөгжүүлэх, хэвлийн булчин чангалах

2. Таргалалтаас сэргийлэх – жингийн илүүдэл нь бүсэлхий нуруу болон хөлийн ачаалал ихэсгэнэ.

3. Нэг байрлалд удаан хөшихөөс зайлсхийх: Удаан сууж ажилладаг бол 1-2 цаг тутамд 5-10 минут босож зогсох, алхахад нурууны мөгөөрсөн дискийн тэжээл алдагдахгүй. Ялангуяа удаан бөхийж тонгойхоос зайлсхийх. Удаан зогсохгүй 1-2 цаг тутамд түр сууж байх

4. Ширээний ард суухдаа хэмжээгээр өөрт таарсан сандал дээр бүтэн суух, сандлын өндөр намыг зөв тохируулах, нуруу эгц тэгш суух, сандал гар тавих түшлэгтэй байх. Унаа машинд удаан суухгүй байх.Гэртээ хэт намхан, хэт зөөлөн буйдан дээр суухгүй байх. Энэ нь багана нурууг хажуу тийш мурийх, хэт бөгтийхөөс сэргийлнэ.

5. Хэт хүнд юм өргөхөөс зайлсхийх: Юм өргөхдөө нуруу тэгш, гол ачааллыг хоёр гуянд шилжүүлэх. Аль нэг тал руу хэт хазайлгүй, биеийн 2 талд жигд хуваарилж юм зөөх.

6. Унтах ор дэр эвтэйхэн байх: Орны гудас хэт зөөлөн биш, хэт хатуу биш, хэвтэхэд хонхойдоггүй байх. Дэр хэт өндөр биш, хэт намхан биш, хажуу талаар хэвтэхэд мөрний хэмжээнд байх.

7. Үе үе бага зэрэг нуруу өвдөхөд санаа зовохгүй байх. Идэвхтэй амьдралын хэв маягийг хадгалах

8. Ажлын хамт олноороо биеийн тамираар хичээллэх, өөрийн сонирхолтой төрлөөр хичээллэх.

9. Яарч сандрах, стресс ихтэй үед булчингууд чангарч зангирах тул стрессээс зайлсхийх. Байнга эерэг бодож сэтгэх хэрэгтэй.

10. Даарахаас сэргийлэх. Даарсны улмаас нурууны өвдөлт сэдэрдэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Дээгий эмч үнэхээр сайн эмч, эeлдэг сайхан зан харьцаатай мундаг эмч шүү. Ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

    0 0 Хариу бичих
  2. Bayarlalaa delgerengui saihana medeeelel hurgesen baina

    0 0 Хариу бичих
  3. Эмч нараас сонсоогүй үгээ найз гэр бүлдээ хэлдэг байлаа. Харшил болон хамарын хөндий уушиг сэтгэлд зовиуртай шарилжийг үгүй хийж буй нь сайн. Энэ өвчинөөс хамгаалах дархлааг бага наснаас нь эхлээд намрын хүйтэн өвөлийн улиралд ханиад хүрээд байвал хатаасан царванг усанд буцалгаж хөргөөд шүүж амаа хоолойгоо зайлж 1 халбагыг ганц 2 удаа залгина. Гол нь зуны улиралд харшилна. Бага байхад аав ээж 2 минь эмч болхоор өвөл байнга зайлуулсан тул энэ ногооноос харшилсан хүн манай гэр бүлд алга. Амт нь муухай ч хүйтний улиралд үз дээ.

    0 0 Хариу бичих