Дугуйн спортын улсын аваргууд тодорлоо

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдаанд 10 гаруй клубын 60 орчим мэргэжлийн тамирчин өрсөлдөж хурд хүч, авьяас чадвар, тэсвэр хатуужлаа сорилоо. 47 дахь удаагийн тэмцээн нийт 6 төрөлд явагдаж дүнгээ гаргасан байна.

Ганцаарчилсан төрлийн цуваа гараат эрэгтэй 50 км-ийн зайн уралдаанд “Хас” банкны тамирчин Э.Болор-Эрдэнэ бусдыгаа хошуучлан түрүүлж, алтан медаль хүртсэн бол “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Б.Тэгшбаяр мөнгөн медаль, “Хас” банкны тамирчин Э.Билгүүнжаргал хүрэл медалийн эзэн боллоо.

Харин эмэгтэй 25 км-ийн уралдаанд  “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Ц.Солонго, “Аттила” клубын тамирчин Ж.Анужин, мөн клубын тамирчин Н.Золжаргал нар орж, алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэй 75 км-ийн багийн төрлийн уралдаанаар үргэлжилсэн бөгөөд нэгдүгээр байранд Хас банк, 2 дугаар байранд “Алдар” биеийн тамир спортын хороо, 3 дугаар байранд Аттила клуб шалгарсан байна.

Тэмцээний бөөн төрлийн 1 дүгээр гарааны насан хүрэгчдийн эрэгтэй 150 км-ийн зайд нийт 33 тамирчин уралдаж хурд, хүчээ сорьжээ. “Аттила” клубын тамирчин Б.Наранхүү хурд хүчээр илүүрхэн түрүүлж, алтан медаль хүртсэн бол “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин С.Жамбалжамц хоёрдугаар байранд орж, мөнгөн медаль, харин Хас банкны тамирчин Э.Билгүүнжаргал тус төрлийн 3 дугаар байранд орж, хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээний бөөн төрлийн 2 дугаар гарааны насанд хүрэгчдийн эмэгтэй 50 км-ийн зайн уралдаан өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй болсныг зохион байгуулагчид онцолж байна. Тус төрлийн тэргүүн байранд “Аттила” клубын тамирчин Ж.Анужин орсон бол 2 дугаар байранд “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Ц.Солонго, 3 дугаар байранд Төв аймгийн тамирчин Б.Номин-Эрдэнэ орж, медалийн эзэд болов.

Харин насанд хүрэгчдийн эмэгтэй 30 км-ийн зайн багийн уралдааны төрлийн тэргүүн байранд “Атилла” клуб, 2 дугаар байранд “Алдар” биеийн тамир спортын хороо орсон бол 3 зугаар байранд Төв аймгийн тамирчид орж, багийн амжилтаар илүүрхэж байна.

Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны насанд хүрэгчдийн Засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээний байгууллагын нийлбэр дүнгээр “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчид тэргүүн байранд орж, Аттила клубын тамирчид 2 дугаар байранд жагссан бол удаад нь Дархан Элит баг 3 дугаар байранд оржээ.

Засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдааныг Монголын дугуйн холбоо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд хамгийн чухал нь ирэх 2020 оны Токиогийн олимпод тамирчдаа оролцуулах зорилготой ажиллаж буйгаа Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч П.Ганхүү хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)