П.Баярцэнгэл: Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр үзүүлбэр дээрээ ажиллана гэдэг том боломж

“Боловсрол” телевизээр ням гариг бүрт үзэгчдэд хүрч байгаа “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлэг өндөрлөхөд тун дөхөөд буй. Найм дахь дугаарт дуучин П.Баярцэнгэл эсрэг хүйстнийхээ дүрийг чадварлагаар бүтээн ялагч болсон юм. Тэрээр этгээд, содон байдлаараа алдартай ч өдгөө эгэл даруухан төрхийг илэрхийлэх болсон Лэди Гагаг яг л түүн шиг дуурайн үзэгчидтэй уулзууллаа.

Найм дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Амаргүй баззер байлаа шүү?

Лэди Гага хоёр дүртэй болсон шүү дээ. Түүний өмнөх дүр нь хурц тод, этгээд байдал байсан бол тэрээр “A Star Is Born” киноны гол дүрд тоглосноосоо хойш маш даруухан эмэгтэйлэг дүрийг гаргах болсон. Тэр ч утгаараа энэ удаад түүний эмэгтэйлэг даруухан дүр төрхийг гаргасан нь оносон гэж бодсон. Түүний дууны дуулалт, аялгуу сайтай дуу учраас ерөнхий үзүүлбэр гол байдлыг авсан болов уу.

Эргэн дурсья. Анх “Яг түүн шиг” шоунд оролцох санал ирэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ. Энэ удаад ч гэсэн яаж хүлээж авсан бэ?

“Боловсрол” телевизээс надад шоунд оролцох санал тавихад би энэ шоуг мэддэггүй байлаа. Тэр үед Монголын телевизийнхэн дэлхийн том контентуудыг авч ажиллах нь цөөхөн байсан. Одоо бол “Боловсрол” телевиз, “Монгол” тв олон улсын контентуудыг худалдан авч дэлхийн стандартын дагуу гоё хийдэг болсон байна. Анх ч би итгэл муутай байсан болохоор их сандарсан. Харин шоуны лифтчинээр ажиллаж байгаа хөтлөгч Болдоо маань надтай ярилцан “Энэ их гоё шоу болж байгаа. Чи заавал орох ёстой, байх ёстой” гэж ятгасны үндсэн дээр орсон. Одоо Болдоодоо их баярладаг. Харин хоёр дахь удаагаа шоунд оролцох санал тавихад би шууд л зөвшөөрсөн.

Өмнө нь энэ том багтай цуг нэг улирлын турш анхны гарааг нь тавилцаж ажилласан. Энэ удаад эргээд шоундаа ирэхэд өөрчлөгдсөн зүйлс юу байв. Шоуны тайз том болсон нь та нар ашигтай байв уу, эсрэгээрээ хэцүү байна уу?

Тайзны өнгө үзэмж гоё, өргөн сонголтыг олгосон. Тайз том болсноор илүү олон бүжигчдийг хамруулаад, өргөн далайцтай үзүүлбэрээ үзүүлэх боломж бүрдсэн. Хамгийн гоё нь гэрэлтдэг лед шал. Үүнийг дээрээс нь авахад үнэхээр гоё, дэлхийн шоу гэдэг утгаараа бид нар тийм тайзан дээр гарахаар өөрсдөө сэтгэл хангалуун мэдрэмжийг авдаг. Энэ нь залуу хүмүүст олдож байгаа маш том боломж юм. Мөн дээрээс нь шилдгийн шилдэг оролцогч нар гэдэг утгаараа оролцогчид маань ч хүчирхэг болж, шоу улам эрч хүчтэй болсон. Энэ бүгдийн хүчинд оролцогчид ч улам их хөгждөг. Энэ улирлын шоунд “Боловсрол” телевизийнхэн илүү их ач холбогдол өгч ажиллан бид ч гэсэн илүүг үзүүлчих юмсан гэж хичээн ажиллаж байгаа.

Шүүгчид хэр шударга шүүж байгаа вэ?

Г.Ганхүү шүүгчийн хувьд шоундаа оролцож байсан, гурван жил шүүгч хийсэн туршлагатай. Шинэ хоёр шүүгч маань бол шударга, үнэн зөв шүүж, сэтгэлээсээ гоё ажилладаг гэж харж байгаа. Үзэгчдийн хувьд бол найман оролцогчоо дагаад найм хуваагддаг байх. Тэр бүхэнд алдаа оноо, сайшаал гээд бүхий д зүйл ирж байгаа. Гэхдээ энэ бол шоу учраас гоё хөгжилтэй байж байгаа л дуусах ёстой асуудал.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)