Өдөр тутмын сонины холбоо “ҮГ” нэгдлийнхэнтэй уулзжээ

Сэтгүүл зүйд мэргэжлийн чиг хандлагыг төлөвшүүлэх, сэтгүүл зүй эрхлэхийн эх үндэс болсон редакциудыг бэхжүүлэх, үүргийг нь тодруулах зорилгоор цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн таван байгууллага хамтран “Мэргэжлийн редакциудын ҮГ нэгдэл”-ийг байгуулснаа зарласан билээ.

Мэдээллийн технологийн хөгжлөө даган цахим орчинд сэтгүүл зүйн өргөн боломж бий болсон ч цахим сэтгүүл зүйд тооны өөрчлөлт гарахаас чанарын өөрчлөлт гарахгүй байгаад, энэ зах зээл зохицуулалтгүй, хэт задгай, хэтэрхий сайн дурын бөгөөд мэргэжлийн бус байгаад  “ҮГ” нэгдэл шүүмжлэлтэй хандаж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаа мэдэгдээд байгаа юм.

Иймд салбарын төлөөх, редакцын зохион байгуулалт дор нэгдсэн мэргэжлийн сэтгүүлзүйн төлөөх зорилгыг дэмжиж, дэмнэн хамтран ажиллахаар сэтгүүл зүйн салбарын хүчирхэг салаа мөчрийн нэг Өдөр тутмын сонины холбоо 2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр “ҮГ” нэгдлийнхэнтэй уулзжээ.

Монголын сэтгүүл зүйн салбарт чанарын өөрчлөлт гаргах, сэтгүүлчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, редакциудын тогтвортой ажиллагааг дэмжих, оюуны болон зохиогчийн эрхийг хүндэтгэх зэрэг чиглэлд хамтарч тодорхой ажил, алхмууд хийхээр “Өдөр тутмын сонины холбоо” болон  “ҮГ” нэгдлийнхэн бие биеэ дэмнэн ажиллах зарчим дээр тохирсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)