-3 сая хүн, 30 улс төрийн хүчин, 300 сайдтай болжээ-

Ардчиллаас хойших бидний 27 жилийн түүхийг харахад Монгол Улс 3 сая хүнтэй, 30 гаруй улс төрийн намтай, 300 хүнийг сайдын дамжаанд суулгасан л үр дүнтэй байна. Долоон удаагийн парламентын сонгуулийн дараа бүрэн эрхээ бүтэн дүүргэсэн Засгийн газар ердөө хоёрхон л байгаа юм. Нэг нь П.Жасрайн, нөгөө нь Н.Энхбаярын Засгийн газрууд бүтэн дөрвөн жил ажиллаж байжээ. Тэдгээрээс бусад Засгийн газар нь 1.8 жил тутамд огцорч байсан гэж тооцохоор Монголын улс төрд тогтворгүй байдал л тогтвортой мөрдөгдөж ирсэн гэлтэй. Улс төрийн энэхүү тогтворгүй байдал гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж ирснийг бичье гэвэл цаас ч, цаг ч хүрэлцэхгүй биз ээ. Харин энийг одоо л ойлгож, Үндсэн хуулийн өөрчлөлтийн том хэсэг болгож оруулж ирсэн тухай энд өгүүлье.

Засаг юунаас болж огцордог вэ? Дэвшүүлсэн хөтөлбөрөө биелүүлээгүй, хууль зөрчсөн, хөшигний цаадахь улс төр гээд олон л шалтгаанууд байсан байх. Гэхдээ сайд болж “дээл давхарлах” гэсэн хувь УИХ-ын гишүүдийн сонирхол хамгийн том нөлөө үзүүлсээр ирсэн гэвэл үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Уг нь Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэх босгыг 1992 онд шинэ Үндсэн хууль батлах явцад нэлээд өндөр хийж өгсөн юм билээ. Нийт гишүүний дөрөвний нэг буюу дор хаяж 19 гишүүн асуудлыг УИХ-д оруулж ирдэг, үүнийг нь олонхиороо шийддэг зарчим суулгаж өгсөн ч хангалттай хөшүүрэг болж чадахгүй явж иржээ. Үр дүнд нь бид 27 жилд бид 15 Засгийн газар сольчихоод байна. Энд мэдээж дан, давхар дээлийн асуудлаар Цэц нэг бус зөрүүтэй шийдвэр гаргаж байсан нь ч нөлөөлсөн байх.

Тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд хувь гишүүний сайд болох хүслийг хааж, Засгийн газрын тогтвортой байдлыг дэмжсэн нэгэн заалт орж ирсэн байна. Тодруулбал, нэр бүхий 62 гишүүний УИХ-д өргөн бариад буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлахаар тусгажээ. Хэрэв энэ төсөл өөрчлөгдөлгүй батлагдвал УИХ-ын 76 гишүүнээс ердөө дөрөв нь л сайд болох боломжтой, бусдад нь сайдын албан тушаал хаалттай болох юм. Нэг ёсондоо 19 гишүүн нийлж байж Ерөнхий сайдыг огцруулах төсөл санаачилдаг шиг өндөр босго УИХ-ын гишүүдэд тавигдаж байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 19 гишүүн тутмаас нэг нь л сайдын албыг давхар хаших боломжтой болох нь хувь гишүүдийн амбийцыг дарах нь гарцаагүй юм.

Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг ийнхүү шинээр найруулж төсөлд тусгасан нь цаг үеэ олсон асуудал гэдгийг ч хуульчид хэлж байна. Учир нь, дээр өгүүлсэн өнцөг бол зөвхөн Засгийн газрын тогтвортой байдал талынх. Нөгөө талдаа “давхар дээл” бол УИХ болон Засгийн газрын харилцан хяналтыг сайжруулах сайн талтай. Өнөөгийнх шиг Засгийн газрын танхим нь Ерөнхий сайдаас бусад нь бүгд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгаа тохиолдолд хэн нь хэнийгээ хянах вэ дээ гэсэн асуудал зүй ёсоор урган гарч ирж байгаа юм. Тиймээс ч хуульч О.Мөнхсайхан “Өнгөрсөн хугацаанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт сул, Засгийн газрын хэт тогтворгүй байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдал сул байгаагаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдсөн. Эдгээрийг засч залруулах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Ер нь бол Үндсэн хуульд оруулсан 2000 оны өөрчлөлт, “давхар” дээлийн асуудлын цаана өчнөөн олон асуудлын зангилаа оршиж байгааг дээрх жишээнээс харагдаж байна. Монголд үнэндээ тогтворгүй байдал л тогтвортой байна. Хэрэв УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлаж чадвал тогтвортой байдал тогтвортой байх боломж бага ч атугай бүрдэх юм.