АНУ, Хятадын худалдааны дайн энэ хэвээрээ үргэлжилбэл зэсийн ханш унахгүй гэх баталгаа байхгүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар
Өнгөрсөн пүрэв гаригт Шанхайн бирж дээр зэсийн ханш сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшиндээ хүрч унасныг “Ройтерс” агентлагийн сэтгүүлч Мai Nguen бичжээ.
АНУ, Хятадын худалдааны хэлэлцээрээс болж зэсийн үнэ тавдугаар сараас унаж эхлээд байгаа бөгөөд Лондонгийн металлын биржид нийт 9 хувиар унасан байна гэж “Ройтерс” мэдээлсэн байна. Худалдааны хэлэлцээр удааширснаас болж металлын эрэлт буурсантай холбоотой гэж тэд үзэж байгаа.
Монгол Улс 2019 оны төсөвтөө уул уурхайгаас олох орлогыг гурван их наяд төгрөгт хүргэнэ хэмээн тусгаад байгаа. Энэ нь төсвийн нийт орлогын 27 хувь бөгөөд 42 сая тонн нүүрс экспортоос 1.3 их наяд төгрөг, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж 1.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр баталсан юм.
Нүүрсний үнийг тонн тутмыг 75.9 ам.доллар, харин зэсийн хувьд тонн тутмыг нь 6272 ам.доллараар тооцож төсвийн орлогоо бүрдүүлж буй. Гэтэл төсвийн нийт орлогын 27 хувийг бүрдүүлэх уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох зэсийн үнэ ийнхүү унаж Лондонгийн металлын биржид энэ сарын 7-ны байдлаар нэг тонн нь 5813 ам.доллар боллоо. Үүнээс гурван хоногийн өмнө даруй зэсийн ханш тонн тутамдаа 5795.50 ам.доллар байлаа.
2018 оны эхэнд зэсийн үнэ нэг тонн нь 7300 ам.долларт хүрч үнийн өсөлт цаашдаа ч үргэлжлэх хандлагатай байна гэсэн сайхан төсөөлөл бидэнд байсан. Энэ үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Чилийн зэсийн уурхайд ажил хаях магадлал, Энэтхэгийн зэс хайлуулах үйлдвэрийн зогсолтын улмаас зэсийн үнэ сүүлийн 4.5 жилийн хугацааны хамгийн өндөр үнэ буюу нэг тн 7300 доллар хүрлээ” хэмээн бичиж байв.
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн энэ хэвээр үргэлжилсээр байвал зэсийн үнэ ч мөн унахгүй гэх баталгаа байхгүй гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэлсэн билээ. Гэтэл худалдааны зөрөлдөөний үйл явцыг энэ ондоо дуусахгүй гэж олон улсын шинжээчид үзсэн тухай мэдээлэл байна.
Эдийн засагч Ч.Отгочулуу ердөө 10 жилийн өмнө зэсийн үнэ 2770 ам.доллар (2008-12-24) хүртэл унаж байлаа. Харин 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт олигтой сайжрахгүй бол 5700-6100 ам.доллар. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн, Их өрийн хямрал гэсэн макро шокууд үүсвэл 4500 эсхүл түүнээс ч доош унаж болзошгүй гэснийг сануулж байжээ.
Өнгөрсөн онд дэлхийн зэсийн нийт хэрэглээ 21.4 сая тонн байсан бол энэ онд 22.3 сая тонн зэс хэрэглэх төсөөлөлтэй байна. Хэрэглээ ийнхүү өсөх тул ханшийн график дээшээ чиглэх таамаг бий. Гэхдээ мэдээж дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч, Хятадын эдийн засгийн өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарч зэсийн ханш хэлбэлзэхийг Дэлхийн банкнаас анхааруулж буй юм.
Зэсийн үнэ ийнхүү тогтворгүй хэлбэлзэж буурах тохиолдолд бид зэсээс олохоор тооцсон 1.3 их наяд төгрөгөө төвлөрүүлж чадахгүйд хүрэх магадлалтай. Учир нь зэсийн үнийг Засгийн газраас 6272 ам.доллараар тооцож төсөвт оруулсныг хэтэрхий өөдрөг төсөөлөл хэмээн тухайн үедээ шүүмжлүүлж байсан ч энэ хэвээр нь баталсан. Ханш өнөөдрийнх шиг түвшинд хадгалагдах юм бол хэт өөдрөг байсны гор гарч Монгол Улсын төсвийн орлогын гуравны нэг хэсэгт дутах эрсдэл нүүрлээд байна.
Одоогоор улсын төсөвт 448 тэрбум төгрөгийг зэсийн орлогоос төвлөрүүлжээ. Зэсээс улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 96 тэрбумаар илүү буюу 27,3 хувиар нэмэгдсэн дүнтэй байна.
Монгол оронд 57 зэсийн орд, 1180 илрэлийн нийт 93.3 сая тн таамаг нөөц тогтоогдсоноос эдийн засгийн үр ашигтай нөөц 50 орчим сая тонн гэж үздэг. Эрдэнэт үйлдвэр жилд 500 гаруй мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг бол Оюутолгой 600 мянган тонн, Цагаан суварга 310 мянган тонныг гаргадаг байна.