БНХАУ-ын дарга  Ши Жиньпиний онгоц Пёньян хотод газардлаа. Тэрээр 14 жилийн дараа Хойд Солонгост ирж буй Хятадын анхны удирдагч болж байна.

Ши Жиньпин БНАСАУ-д хоёр хоногийн айлчлал хийж бөгөөд энэ удаагийн айлчлалыг хоёр орны худалдааны харилцаанд шинэ хуудас нээнэ гэж найдаж байгаа тухай умардын хэвлэлүүд бичиж байна.

Ким Жон Ун өнгөрсөн онд дөрвөн удаа Хятадад айлчилсан бөгөөд гуравдугаар сард Ши Жиньпинийг эх орондоо урьсан юм.

Судлаачид Ши Жиньпиний айлчлалыг Америк, Хойд Солонгосын цөмийн хэлэлцээрт эерэгээр нөлөөлж магадгүй гэж үзэж байна. Учир нь  Америк, Хойд Солонгосын удирдагчдын өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах асуудал орхигдоод байгаа юм.