Элтон Жоныг Хүндэт Легион одонгоор шагнана

Английн дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жоныг Франц улсын засгийн газраас Хүндэт Легионы одонгоор шагнахаар болжээ. Нэр хүндтэй тус шагналыг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ирэх баасан гарагт буюу энэ сарын 21-ны өдөр өөрийн биеэр гардуулах гэнэ.

Жирийн иргэд, цэргийн зүтгэлтнүүдэд дайны болон энх цагт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн олгодог алдарт хүндэт шагналыг Элтон Жонд олгох болсон нь түүний ДОХ өвчинтэй тэмцэх санг байгуулж, амжилттай ажиллаж буйг нь үнэлэн өгч буй аж.

Элтон Жон энэ сарын 18-23-нд хийх европын орнуудын аялан тоглолтынхоо хүрээнд Францад очих үеэрээ шагналаа гардаж авах юм.

Алдарт дуучны хувьд ДОХ өвчинтэй тэмцэх сангаа 1992 онд байгуулсан бөгөөд энэ үеэс хойш дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус томоохон байгууллагуудын нэг болж чаджээ.

Сонирхуулахад, Хүндэт легионы одонг 1802 онд Наполеон Бонапарт анх бий болгож байсан гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)