Маргааш Бүгд Найрамдах Чех улсаас Пржевальскийн адуу буюу тахийн дөрвөн гүү авчирна. Эх орондоо устсан байсан зэрлэг тахийн сүргийг гадаадаас авчирч нутагшуулж буй 9 дэх удаагийн энэ тээвэр Ховд аймгийн Булган суманд газардах юм. Чех-Монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр Говийн Б бүс дэх дархан цаазат газар дахь тахийн тоо өсч байна. Европын амьтны хүрээлэнгүүдээс Монгол улсад сэргээн нутагшуулахаар тээвэрлэн ирсэн тахийн тоо энэ удаагийнхтай нийлэн 35 болж буй аж.

Энэ удаагийн тээвэрлэлтийг хийхэд зориулан  “Монголоос илгээх ил захидал” хэмээх санхүүгийн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулсан нь Чех иргэдийн анхаарлыг татаж хангалттай хэмжээний санхүүжилт босгож чаджээ. Тус аянд нэгдсэн хүн бүрт монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээх бөгөөд орлого нь Монгол улсад нэн ховордоод буй мазаалай, бөхөн, хавтгай зэрэг амьтдыг хамгаалах санд шилжих юм.

Прагын амьтны хүрээлэнгийн зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх ажиллагаа болно.