АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески өнөөдөр Чойжин ламын сүм музейтэй танилцжээ. Тус музейн захирал Отгонсүрэнтэй Элчин сайдад музейгээ танилцуулсан байна. Монголын Урлагийн зөвлөл болон Түүхийн өв хамгааллын америк мэргэжилтэн Стивэн Кэлли нар энэхүү үзэсгэлэнтэй дурсгалт газрыг ирээдүй хойч үед хадгалан үлдээхэд хийж буй ажилтай мөн танилцлаж, музейн удирдлагуудтай санал солилцжээ.
Чойжин ламын сүм музейг VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Энэхүү сүм музей нь XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг юм. Хувьсгалаас өмнө Монголд 700 гаруй сүм хийд байснаас 1930-аад оны улс төрийн хэлмэгдлийн үед хөндөгдөөгүй үлдсэн цорын ганц сүм гэдгээрээ Чойжин ламын сүм онцлог билээ.

