Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн дотор 15-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.

Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2018 оны байдлаар 970880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас 20345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг.

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 25 техникийн хяналтын төвүүдэд зургаадугаар сарын 10-ны байдлаар 344209 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8713 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.

Үүнээс: - Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 4,828 - Жолооны механизмаар - 2,763 - Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 2,607 - Экологийн үзүүлэлтээр - 917 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.  Эдгээр тээврийн хэрэгслүүдэд 1 сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм.

Иймд автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-г баталсан байдаг.