Цалингаас тань суутгадаг нийгмийн даатгалын шимтгэл энэ онд нэг хувиар нэмэгдсэнийг та мэдсэн үү. Өнгөрсөн онд ажил олгогч, даатгуулагч тус бүрээс нэг нийт хоёр хувиар нэмсэн энэ шимтгэлийг ирэх онд хоёр хувиар нэмнэ. Нийт таван хувиар өсгөж байгаа гэсэн үг л дээ. Ингээд бидний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2020 он гэхэд нийт 19 хувь болно.
Биднээс авсан шимтгэлээр /татвараар/ юу хийдэг вэ гэж үү. Ихэнх хувиар нь ахмадуудын тэтгэврийг сар бүр өгдөг. Товчхондоо, миний, таны цалингаас суутгасан шимтгэлийг нэр дээр маань бүртгэдэг нэртэй ч тэс өөр зүйлд зарцуулж иржээ. Үүнийгээ эв санааны зарчим гэсэн гоё сайхан нэрээр чимэглэчихсэн. Угтаа бидний төлсөн шимтгэлийг таван төрлийн санг “тэжээдгийн” хамгийн ихийг нь буюу 60-70 хувийг нь тэтгэврийн даатгалын санд зарцуулдаг. Гэхдээ энэ мөнгө хөгшчүүлийн тэтгэврийг тавихад бүгд хүрэлцдэггүй учир жил бүр улсын төсвөөс татаас хэлбэрээр нэмж гаргасаар өнөөдөртэй золгожээ.
Тэгтэл Засгийн газар 2021 он гэхэд тэтгэврийн даатгалын санд 14 их наяд төгрөг байршуулах үүрэг хүлээсэн. Тодруулбал, УИХ-аас баталсан Засгийн газрын 2021 он хүртэл стратеги төлөвлөгөөнд тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг бүрэн хуримтлалын хэлбэрт шилжүүлнэ гэж заажээ. Энэ нь бичилтээр явж байгаа мөнгийг 100 хувь мөнгөн хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг. Одоо манай тэтгэврийн даатгалын сангийн данс бүр улайчихсан байх. Өнөөдрийг хүртэл төр тэтгэврийн даатгалын санд нэг ч төгрөг өгөөгүй байгаа учраас сохор зоос ч төвлөрөөгүй. Гэтэл юу юугүй 2021 он хаяанд ирчихээд байдаг.
2019 онд 46.9 мянган аж ахуйн нэгж байгууллагын 878.8 мянга гаруй ажилтан албан журмын даатгалд хамрагдахаар төсөвт тусгажээ. Энэ нь 2018 оноос 21.4 мянган хүнээр нэмэгдэх дүн аж. Харин албан бус секторт хөдөлмөр эрхэлж байгаа 320.0 гаруй мянган иргэдийн 64.8 хувь буюу 207.2 орчим мянган хүн сайн дурын даатгалд хамрагдахаар салбарын яам тооцжээ. Эдгээрээс 2019 онд нийгмийн даатгалын санд төвлөрөх шимтгэлийн орлого 1,534.7 тэрбум төгрөг, хадгаламж болон үнэт цаасны хүүгийн орлого 68.6 тэрбум төгрөг байна гэж Сангийн яамныхан үзэж байна. Эдгээр мөнгийг бүгдийг нь тэтгэвэр, тэтгэмжид зарцуулаад дуусна. Нэг ёсондоо урд хормойгоороо хойдхоо нөхөж, тэтгэврийн даатгалын санд юун мөнгө хуримтуулах манайтай байна.
Гэхдээ энэ мөнгө хөгшчүүлийн тэтгэврийг тавихад бүгд хүрэлцдэггүй учир жил бүр улсын төсвөөс татаас хэлбэрээр нэмж гаргасаар өнөөдөртэй золгожээ.
Ядаж байхад ирэх онд сонгуультай, шинэ парламент шийднэ гэж аргацаах. Улсын төсвөөс 1.5 их дахин энэ мөнгийг нэг дор хуримтлуулах ямар ч боломжгүй учраас жил бүр тодорхой хэмжээгээр мөнгө тусгаж, хуримтлал үүсгэх байсан ч өнөө хэр хэрэгжээгүй. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш нийгмийн даатгал төлөгсдийг бүртгэж, нэрийн данстай болгосноор хуримтлал үүсгэж байгаа гэж иргэдийг хуурах маягтай. Эл сангийн мөнгийг үе үеийн Засгийн газар сонгуульд, төсвийн бусад зардлыг нөхөхөд ашиглаж ирсэн нь сан одоо хов хоосон байгаагаас харагдаж байна.
Тэтгэврийн даатгалын сан 1995 онд албан ёсоор байгуулагдаад өдгөө 24 жил болж буй. Анх байгуулахдаа эв санааны зарчмаар үйл ажиллагааг нь зохицуулахаар хуульчилсан энэ зарчим олон улсын жишгээс тэс өөр “буруу” аргаар манайд хөгжиж иржээ. Орлогоороо зарлагаа нөхөх, хуримтлал үүсгэх ёстой болохоос хөдөлмөрийн насныхан хөгшчүүлээ тэтгэх, өөрсдөө хэзээ үр шимийг нь хүртэх нь тодорхойгүй ёроол нь үл мэдэгдэх “сав” руу мөнгө цутгах зарчим биш юм.