Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.
Он гарсаар улсын хэмжээнд 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.
Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул:
-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.