“Жуулчин үргээх бодлого”

Газраа ухаж, байгаль дэлхийг сүйтгэж, урд хөршийг царайчлахгүй, татвараа нэмж иргэдийнхээ таван цааснаас хумслахгүй, гарз багатай улсын дансанд мөнгө оруулах боломж бол аялал жуулчлал. “Анхаарна” гэж зөвхөн амаар ярихгүй, ажил хэрэг болговол аялал жуулчлал бидэнд ашиг авч ирэх нь дамжиггүй. Жуулчин хүлээж авах өнөөгийн хүчин чадлыг тооцоолж үзвэл Монгол Улс нэг өдөрт 70 гаруй мянга,  зуны гурван сарын хугацаанд нийт гурван сая гаруй жуулчин хүлээж авах бүрэн хүчин чадалтай гэж тооцоолсон. Гэсэн хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн турш монголд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр ирсэн. Харин өнгөрсөн онд  529 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болов. Ингэснээр 569 сая ам.долларын орлогыг эдийн засагт оруулж, аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлэн, 35 мянган ажлын байрыг бий болгожээ. Энэ амжилтаа улам баталгаажуулан аялал жуулчлалын орлогоо 2019 онд 20 хувиар нэмэх бодлого барьж байгаагаа Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн. Засгийн газраас ч аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, 2020 он гэхэд  сая гадаадын жуулчин хүлээн авч салбарын орлогыг 1.1 сая ам.долларт хүргэх зорилтыг тавиад буй. Ийнхүү зорилтдоо хүрснээр улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460  зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 54 мянга орчим ажлын байр бий болгосон тус салбар уламж өргөжинө гэж төсөөлсөн. “Саваа бэлдэхээр саалиа бэлд” гэдэгчлэн жуулчин хүлээн авах зорилттойгоо уялдуулан ирэх орчин нөхцөлийг нь бүрдүүлэх нь чухал байх. Жуулчид ирэхэд манай дэд бүтэц хамгийн том асуудал. Нэг жуулчин 10 орчим км шороон замаар тачигнуулан манай аялал жуулчлалын чухал бүс гэдэг нэг газар очоод, өнөөх газраа үзчихээд "Үүнийг үзэх гэж л  ингэж явсан хэрэг үү” гээд уйлсан  тухай явган яриа бий. Энэ ерөөсөө манайх жуулчин хүлээн авах газаргүй, дэд бүтэцгүйг ийн илтгэж байгаа хэрэг. Жуулчдыг татдаг ганц “соронз” нь улсын баяр наадам. Гэтэл тэр боломжоо ашиглаж чадахгүй үлддэг. Учир нь манай Төв цэнгэлдэхийн багтаамж тэр ачааллыг дийлдэггүй. Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Монголд ирж буй  жуулчдын тоо  дунджаар 15-20 хувиар нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2020 он гэхэд сая жуулчин авах зорилтуудыг эрх бүхий албан тушаалтнууд зарлаж байгаа. Харамсалтай нь, тавьж буй зорилго, мөрийн хөтөлбөр дэх заалтууд болон нэг сая жуулчныг  хүлээн авах үйлчилгээний багтаамж, хүрэлцээ, тоо, чанар  огт өөрчлөгдөхгүй байна. Монгол Улс зардал өндөртэй аяллын орон. Тэр ч утгаараа жуулчдыг татах амаргүй. Жил бүр 10 мянга орчим  жуулчин наадмын нээлт үзэхээр захиалгаа өгдөг. Гэвч жуулчдыг хүлээн авч нээлтийн арга хэмжээг үзүүлэх суудал алга. Бидэнд 1500 суудал өгдөг” гэв. Ингээд харахаар зорилт, нөхцөл байдал нэг л уялдахгүй байгаа юм. Түүнчлэн “жуулчин үргээх бодлого” гэмээр зүйлийг манай төрийн дээд албан тушаалтнууд үйлдээд буй. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирж,  тэмбүүтэй тэмцэж “Улаан тариа 2” аян зарлаж байгаагаа мэдэгдсэн нь “Жуулчин үргээх бодлого” шиг л байв. Энэ нь “Манай улсыг битгий зориорой” гэж жуулчдын чихэнд очсон нь дамжиггүй. Улсынх нь эрүүл мэндийн салбарыг тэргүүлж байгаа хүн нь тэгж мэдэгдэл хийж  “Дайн зарлана” гэхээр гаднын жуулчны чихэнд “Манай улс жуулчин хүлээж авах нь байтугай тийм дорой ард түмэн” гэж хэлж буйтай ижил сонсогдоно. Учир нь, жуулчид аялах гэж буй улсынхаа аль сайхныг сонсож байж л зорих эсэхээ шийддэг. Мөн дөрөвдүгээр сарын 27-нд Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хоёр иргэн тарваганы бөөр түүхийгээр нь идсэнээс болж нас барсан харамсалтай үйл явдал болсон тул  хорио цээр тогтоосон. Ингэхэд Өлгий хотод ОХУ, АНУ, Нидерланд, Герман, Швед, Швейцарь, Өмнөд Солонгосын жуулчид хөл хорионд орсон. Тэр нь гаднын мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ нь мөн л жуулчдын айдасыг төрүүлсэн нь тодорхой.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. угаасаа л үргэнэ ш дээ, үргэхгүй өөр яахийн ... өөрсдөө багтаж ядан чихэлдэж байж юун гадны хүмүүсийг урих

    1 1 Хариу бичих