Г.Сүндэрмаа: Мюзикльд дуулах санал ирвэл дуртайяа зөвшөөрнө

“Яг түүн шиг 4” шоуны долоо дахь дугаарын ялагчаар “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа шалгарлаа. Тэрээр үзэгчдийг “Cats” мюзиклийн мууртай уулзуулан “Memory” дууг яг л алдарт Гризабеллагийн уянгалаг хоолойгоор мэдрүүлсэн нь ийнхүү бусдыгаа хошуучилсан юм.

Онцгой дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

“Яг түүн шиг” шоуны бүх дугаараас миний хувьд хамгийн сонирхолтой нь кино, мюзиклийн дуугаар өрсөлддөг энэ дугаар. Хамгийн их хүлээж байсан дугаарт баззераас муужгайн дүр таарсан. Алдарт Гризабеллагийн “Cats” мюзиклийн “Memory” дууны хөөрхөн муужгай сүргээсээ өөрөө яваад, ядраад хуучны сайхан цагаа дурсан дуулж байгаа дүр юм. Миний хувьд тэр муур хэрхэн гуниглаж байсныг гаргах нь их чухал гэж үзсэн. Тиймээс өөрөө өөртэйгөө ажиллах ёстой гэж бодож дүрээ гаргасан. Надад муурын дүр маш их таалагдсан. Мюзикль хоолойгоор дуулахад их өөр, зөөлхөн гоё юм билээ. Хэзээ нэгэн цагт мюзикльд дуулах санал ирвэл дуртайяа дуулна. Бас энэ жил содон дугаар нэгээр нэмэгдсэн нь IV дээр дуэт дуулах байсан шүү.

Шоуны турш мэргэжлийн эстрадын нэрт дуучин Ч.Насантогтох багшаас номын дуу сонсож зөвлөгөө авах ямар байна?

Мэргэжлийн эстрадын дуучнаар гадаадад боловсрол эзэмшсэн хүн учраас морины Батбаяр гуайн хоолой гээд олон эрэгтэй дүр дээр ажиллахад туслан их дэм болсон. Насаа багштай ажиллаад өөрийнхөө дуулах ур чадварыг болоогүй гэж бодсон шүү. “Youtube”-ээс хоолойн дуугаралтуудыг судлан дуулах ур чадвар дээрээ ажиллая гэж бодсон.

Үзэгчид өөрийг тань олон өөр өнцгөөс тольдох боломжийг олгосон. Магадгүй тэр ч утгаараа Сүндэрээ хэзээ соло уран бүтээлээ гаргах бол?

Манай хамтлаг одоохондоо уран бүтээлээ түр завсарлаад байна. Болороо маань хүүхэдтэй болоод хэсэг хугацаанд уран бүтээлээсээ чөлөө авсан. Энэ хугацаанд бид соло уран бүтээлүүдээ хийхээр Ц.Сарнай маань “Хуурч болохгүй” нэртэй анхны соло дуугаа клипжүүлэн дэлгэсэн.

Эстрад урлагт бид цөөнгүй жил явсан учраас өөрсдийн гэсэн үзэл бодол, хөг аялгуутай байгаа. Түүнийгээ гаргах юм бол рок попын ертөнцөд өөр өнгө аястай уран бүтээлч, дуунууд гарч ирэх юм болов уу.

“Яг түүн шиг” шоунд оролцон 10 өөр дуу хоолойгоор дуулахаар тэр нь ч надад тохирох юм шиг, тэгээд ч дуулбал надад гоё байх олон стиль, жанр орж ирээд тэр дундаас яг л хэрэгтэй, хүмүүс сонсохоор эрч хүчтэй жанраар сайн сайханд уриалан гарч ирье гэж бодоод байгаа. Шоунд ороод их зүйл сурч байна даа.

Шилдгийн шилдгийг тодруулах шоуны шинэ улиралд оролцох саналыг хэрхэн хүлээн авч байв?

Тийм шүү. Өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэн сорихыг хүссэн. Учир нь долоо хоногийн турш нэг дууг өдөр бүр давтан хоолойн дасгал хийдэг. Тэгээд бүжиглэнэ гээд бага багаар оролцогчдыг задалдаг учраас надад өгөөжтэй санагддаг.

Сүндэрээ хамтлагийнхаа хамгийн даруухан нь. Харин шоу өөрийг тань нэлээд задалж байгааг Г.Ганхүү шүүгч нэг бус удаа хэлж байсан?

Шүүгч Г.Ганхүү ах “Сайн задарч байна” гэсэн шүү. Би өөрийгөө их даруухан гэж боддоггүй. Хамтлагийнхаа хоёрын хажууд дуугүй л даа. Манай Болороо маш сайхан ярьдаг, Ц.Сарнай шулуухан зантай түс тас хэлчихдэг. Би яривал яриад ярихгүй бол дуугай сууж байдаг. Энэ шоунд орсноороо их задарч байгаа юм байх аа (инээв)

Бүжгийн бүхий л төрөлд хүч үзэн хар, цагаан, эрэгтэй эмэгтэй хөгшин залуу болж бүжиглээд л. Сүндэрээ хэр бүжигчин бэ?

Хамтлагаараа бүжиглэдэг байсан болохоос ганцаараа бүжиглэж байгаагүй. Шоунд ороод тухайн дүрийнхээ бүжгийг яалт ч үгүй сураад бүжиглэж байна. Орчин үеийн бүжиг их хэцүү болж. Бидний үеийн бүжиг их хялбар байсан. Одоо янз бүрийн бүжгийн элементүүд гарч ирэн оролдоод байхад сураад бүжиглэвэл бүжиглэчих юм билээ. Би ч гайгүй бүжигчин болж байгаа байх аа.

Өмнөх дугаар дээр Chuck Berry болон гитартай дуулж, бүжиглэх л хамгийн хэцүү байсан. Ялангуяа гитарын барилтуудыг сурахгүй бол шүүгчээр Жагаа ах, Ганхүү ах сууж байхад худлаа бариад байж болохгүй. Хажуугаар нь хөдөлгөөнийг нь суран тайзнаа алдарт гитартай алхалт хийхээр хөлийн булчин өвдөөд үгээ бодон жүжиглэнэ гээд энэ дүр л намайг хамгийн их ажиллуулсан.

Энэ дугаарт муурын дүр таарахад ашгүй бараг эмэгтэй боллоо гэж хэлсэн. Дараалан эрэгтэй дүр таарч байсан учраас хэцүү байв уу?

Эмэгтэй муужгай юу. Морины Батбаяр гуай, OutKast, Pitbull, Chuck Berry гээд эрэгтэй дүр бүтээгээд байсан гарт орно гэдэг шиг биед тогтсон юм шиг санагдаад энэ удаад муужгай таарахад яах вэ эмэгтэй гээд баярласан.

Дугаараас дугаарт оролцогчдын өрсөлдөөн улам л ширүүн болж, шүүгчдэд оноо өгөхөд амар биш байгаа санагдсан?

Дугаар бүрийг ямар байхыг таашгүй шүү. Манай оролцогчид өмнө нь орж байсан учраас яаж дүр дээрээ ажиллах уу, хэрхэн тайзнаа үзүүлэх үү гээд туршлагатай болсон. Хэнийг нь ч сайн муу гэлтгүй дүрүүдээ маш сайн гарган дугаар бүрт тэр түрүүлэх болов уу гэхэд өөр хүн ялах жишээтэй. Шүүгчид оноогоо өгөх гэж зовж байгаа байх. Бид ч нэгэндээ гурван оноогоо өгөх гэж их шаналдаг. Г.Ганхүү ах шоундаа оролцож зовлон жаргалыг нь мэдэрсэн учраас яалт ч үгүй байх ёстой шүүгч нарын нэг. О.Энхтуул эгч жүжигчин хүн учраас жүжиглэлт талаас нь харж шүүж байгаа. Жагаа ах хөгжим талаасаа мундаг хүн болохоор нэмэлт мэдээлэл өгөн тэднээс их зүйлийг сурч мэдэж байна.

Тайзан дээр дуулахаар ард юу болж байгааг мэдэрч амжихгүй дүрээ, үгээ бодоод үзүүлбэрээ дуусгадаг. Харин дараа нь шоуныхаа давталтыг телевизээр үзэхэд “Хөөх миний ард ийм гоё тайз , гэрэл, хөгжимчид, жүжигчид гарч байсан юм уу” гээд л. “Яг түүн шиг 4” шоуны шинэ дугаар ням гаригт Боловсрол телевизээр цацагдсаны дараа видео санд шууд байршиж байгаа болохоор үзэж амжаагүй хэн бүхэн дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой гэдгийг дуулгая.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. henii ch medehgui hachin Duu duulah ym haanaas ene duuchdiiig songodog ym Bol

    0 0 Хариу бичих
  2. Ганхүү шүүгчээс бусад шүүгч нар ердөө уг шоунд шүүгчээр ажиллахад тохирохгүй санагддаг. Ёстой мэдэхгүй юм даа.

    0 0 Хариу бичих
  3. Дараагийн удаа Энхтуулыг битгий шүүгч болгоорой

    0 0 Хариу бичих