Ж.Батчимэг: Сүүлийн үед артерийн даралт ихсэх өвчин залуужиж байгаа

“Мөнгөн гүүр” эмнэлгийн зүрхний их эмч Ж.Батчимэгтэй зүрх судасны өвчлөлд хамгийн түгээмэл тохиолддог даралт ихсэлтийн талаар ярилцлаа.

Зүрх судасны өвлөл хэдэн насныханд зонхилон тохиолдож байна?

Зүрх судасны өвчин нь дэлхий нийтэд халдварт бус өвчин дотроо хавдрын дараа жагсдаг. Монгол Улсад нийт өвчлөлөөрөө нэлээд залуужиж байгаа эмгэг юм. Зүрх судасны эмгэг нь 45-аас дээш насныханд зонхилон тохиолддог эмгэг ч сүүлийн үед нийгмийн хөгжил, стерсс, ажлын ачаалал, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор залуужиж байгаа. Зүрх судасны эмгэг дотроос зонхилон тохиолддог эмгэг бол артерийн даралт ихсэх өвчин, зүрхний титэм судасны эмгэгүүд юм. Ялангуяа артерийн даралт ихсэх өвчин өөрөө их залуужин сүүлийн үед 15-16 настай хүүхдүүд даралт ихсээд ирэх тохиолдлууд ч байна.

Даралт ихсэх өвчин нь юунаас болж үүсдэг вэ?

Хүний артерийн судсан доторх хөндийн даралт ихсэхийг бид артерийн даралт ихсэх гэж нэрлэдэг. Бидний ярьж заншсанаар дээд даралт буюу судасны агшилтын даралт 140 mmHg дээш, доод даралт буюу сулралын даралт 90 mmHg дээш болохыг артерийн даралт ихсэх өвчин гэдэг. Артерийн даралт ихсэх өвчнийг анхдагч ба хоёрдогч артерийн даралт ихсэх өвчин гэж ангилдаг. Анхдагч даралт ихсэх өвчин нь ямар нэг шалтгаан, өвчин эмгэгтэй хамааралгүйгээр бие даан үүсч байдаг. Нийт тохиолдлын 90-95 хувийг эзэлдэг. Харин нийт тохиолдлын 5-10 хувь нь хоёрдогч артерийн даралт ихсэх өвчин эзэлдэг.

Хоёрдогч артерийн даралт ихсэх өвчин нь бөөр, дотоод шүүрлийн эмгэг, зүрх, мэдрэлийн системийн эмгэгүүдийн үед ихэсдэг. Монголчуудын хувьд бие даасан даралт ихсэх өвчин зонхилон тохиолддог. Энэ нь үйлдвэржилт, хотжилт, орчны дуу шуугиан, амьдралын буруу хэв маягтай холбоотой. Хүний амьдралын чухал эд эрхтэнтэй холбогдоогүй эрхтэн гэж байхгүй. Эд эрхтэнг тэжээгч артерийн судсан доторх даралт өндөр байснаар амьдралын чухал эрхтэн болох тархи, нүд, зүрх бөөр нь цусан хангамжийн хямралд удаан хугацаанд явснаас аажимдаа маш их гэмтэл явагддаг. Тухайн эд эрхтний гэмтэл явагдаж байгаа нь өвчтөн ямар нэгэн зовиур өгдөггүй.

Хамгийн харамсалтай нь өвчтөн тархины харвалт, зүрхний шигдээс, бөөрний дутагдалд орсны дараа артерийн даралт ихсэх өвчин оношлогддог.

Даралт ихсэн хүндэрсэн тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд гарах вэ?

Хүний амьдралын чухал эд, эрхтэнтэй холбогдоогүй судас гэж байхгүй. Эд эрхтэнг тээж байдаг гол артерийн судсан дээрх даралт өндөр байхаар амьдралын чухал эд, эрхтнээ хямраан өөрчлөлтөд оруулна. Тархи, нүд, зүрх, бөөр даралт ихсэлтийн улмаас ихээр гэмтдэг. Гэхдээ эдгээр эртхэн дээр даралт ихсэлтийн улмаас гэмтэл явагдаж байгаа нь ямар ч зовиурь байхгүй. Хамгийн харамсалтай нь хүмүүс харвалт өгсний дараа, зүрхний шигдээс болон бөөрний дутагдалд орж, хараагаа алдан ой санамжийн алдагдалд орсныхоо дараа даралт ихсэх өвчин нь оношлогддог. Тиймээс дэлхий нийтээр даралт ихсэлтийг чимээгүй тахал, чимээгүй алуурчин гэж нэрлэж байгаа.

Даралт ихсэлт залуужиж байна гэлээ. Үүнийг залуус хэрхэн мэдэж эмнэлэгт хандах хэрэгтэй юм бол оо?

Даралт ихсэлт өөрөө ямар ч шинж тэмдэггүй явах нь олон. Шинж тэмдэг нь шилэн хүзүүгээр хөшиж өвдөх, нүд бүрэлзэх, толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжис цутгах зарим тохиолдолд цээж хөндүүрлэн давчдах зовиурууд илэрдэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд бүдэг, огт мэдэгдэхгүй явагддаг. Тиймээс иргэд өвчлөлөө мэдэхгүй явсаар миний дээр дурдсан хүндрэлүүд тохиолдсон хойно эмнэлэгт ирдэг.

Дэлхий нийтээрээ артерийн даралт ихсэх өвчинтэй тэмцэх 85 нийгэмлэг байдаг. Нийгэмлэгүүд хуралдаж чимээгүй тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярин жил бүрийн тавдугаар сарын 17-ныг “Дэлхий нийтээрээ артерийн даралт ихсэх өвчинтэй тэмцэх өдөр” болгосон. Мөн 2017 оноос тавдугаар сарыг улс орон даяараа артерийн даралт хэмжих сар болгон “Чимээгүй тахлыг эрт илүүлье” гэдэг зарчмаар даралт хэмжих сар болгон зарлан ажиллаж байгаа.

Иргэд гэрийн болон эмнэлгийн нөхцөлд даралтаа 5 минутын зайтай хоёр удаагийн хэмжилт хийж үзэх ёстой. Хэмжилтээр дээд даралт 140-өөс дээш, доод даралт 90- ээс дээш байвал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Түүний дараа эмч нар тухайн хүнийг эмийн эмчилгээнд оруулах уу, амьдралын хэв маягийг нь өөрчлөн хянах уу гэдгийг шинжилгээнд хамруулан шийднэ.

Хэвийн даралт гэж хэд байхыг хэлдэг вэ?

Өвчтөний артерийн даралт хэвийн дээд хэмжээнд 130-139 mmHg байсан ч эмч хүндрэлийг илрүүлэх шинжилгээнд хамруулж зүрхний томрол, нүдний торлог бүрхэвчний эмгэг, бөөрний дутагдал, судасны хатуурал зэрэг оношлогдсон тохиолдолд шууд эмийн эмчилгээнд оруулдаг. Тухайн үед эмч хүндрэлийг шинжих шинжилгээнд хамруулан зүрх томролттой, нүдний торлог бүрхэвчинд өөрчлөлт орсон үед даралт хэвийн дээд хэмжээнд байсан ч даралт ихсэлтийн эсрэг эмчилгээнд оруулдаг.

Сүүлийн үед чихрийн шижин, бөөрний архаг дутагдал, зүрх судасны өвчний үед артерийн даралтыг 140 mmHG бага байлгахыг зөвлөж байгаа.

Даралт ихсэлтээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

Энэ өвчин үүсэх шалтгаанд амьдралын буруу хэв маяг ордог. Амьдралын буруу хэв маягт буруу хооллолт болох өөх тос, давсны хэрэглээ өндөр байх, хөдөлгөөний хомсдол, стресс, архи, тамхины хэрэглээ өндөр байх зэрэг ордог. Тиймээс артерийн даралт ихсэх өвчний хамгийн чухал эмчилгээ бол хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн. Хоол хүнсэн дэх давсны хэрэглээг 3 граммаас бага байлгах хэрэгтэй. Биеийн жин нэмэхгүй байх, жингээ нэг кг хасахад артерийн даралт нэг мөнгөн усны баганаар доошилдог. Биеийн жин болон артерийн даралт нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой байдаг. Дэглэм сайн барьснаар уух эмийн тоо багасах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх сайн талтай.

“Мөнгөн гүүр” эмнэлэг дээр бүх насныхан даралт ихсэлтээ хэмжүүлэн хянуулж, зөвлөгөө авч болох уу?

Болно. Манай эмнэлэг нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ хийж зөвлөгөө өгдөг. Үүнд зүрхний эхо, 24 цагийн бичлэг, зүрхний СТ, биохимийн бүхий л шинжилгээнүүдийг хийдэг. Зүрх судасны өвчин, артерийн даралттай үйлчлүүлэгчийг амбулаториор хяналтад авч товлосон үзлэгт оруулан эрүүлжүүлэх зорилготой ажилладаг. Шаардлагатай тохиолдолд бид хэвтүүлэн эмчилдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)