УИХ-ын 2016 оны сонгуулийн чимээ ойртсон учир зарим хүн “ичээнээсээ” гарч, хөдөө орон нутгаар хурал хуй зохион байгуулаад түмэн завгүй өдөр хоногуудыг өнгөөрөөж байна.
2012 онд өвдөг шороодсон эрхмүүд нутаг нугаараа, даагаа нэхчих санаатай намын байраараа эргэлдэж, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд оролцож, патиараа татуулан нүүр хуудсыг чимэн тунчиг нийгмийн идэвхтэй байх.
Хэн хаана нэр дэвшихээр бэлтгэлээ базааж, тойргоо тойглож байгаа талаар бид мэдээлэл бэлтгэж буй. Энэ удаа УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймаг хэн хүч үзэх талаар хүргэж байна.
МАН
2012 оныг эс тооцвол Хэнтий аймаг ерөнхийдөө улаан тойрог. 2000 оноос хойш 12 жилийн хугацаанд МАН-ын гишүүн Д.Арвин, У.Хүрэлсүх, Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ нар ээлжлэн сонгогдож байв. Харин 2012 онд Хэнтий аймаг хоёр мандаттай болсон. Ингэснээр тус тойрогт МАН, АН хоёр тус бүр нэг суудал авсан билээ.
2000 оноос хойш анх удаа цэнхэртсэн учраас МАН тус тойргийг авахын тулд хэнийг сойхоо дотооддоо нухацтай ярилцаж байгаа аж.
Мэдээж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо нэр дэвшин гэж буй ч тэрээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намдаа нэмэх оноо авчирсан учраас жагсаалт руу оруулахаар ярилцсан гэх мэдээлэл байна. Мөн Хэнтийн тойргоос гурван удаа сонгогдсон нь түүнд намын жагсаалт руу орох давуу тал болж буй юм.
Хэрэв Б.Бат-Эрдэнэ гишүүн тойрогтоо өрсөлдөхгүй бол “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү, “Mongolian Royal Academy”-ийн ерөнхий захирал Н.Учрал, НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ нарын нэг нь дэвших гэнэ. Тэд хоёул нутгийн ах У.Хүрэлсүхийн хүмүүс. Н.Учрал У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Харин Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Хэнтий аймагт төрж өссөн, төрөлх нутгаасаа ажил амьдралын гараагаа эхэлсэн учир Хэнтийд эчнээ танил нэгэн. Тэрээр “Азийн хүлэг” номоо гаргахын зэрэгцээ Хэнтийн сумдаар иргэдтэй уулзалт зохион байгуулаад ирсэн гэсэн. Тэгэхээр Хэнтийн нэг мандатад МАН-ын залуу боловсон хүчин Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нарын дунд өрнөх нь тодорхой болоод байгаа юм.
Б.Бат-Эрдэнэ гишүүн тойрогтоо өрсөлдөхгүй бол “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү, “Mongolian Royal Academy”-ийн ерөнхий захирал Н.Учрал, НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ нарын нэг нь дэвших гэнэ
Харин үлдсэн нэг мандатад УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Н.Ганбямба нарын нэр яригдаж байна. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ гишүүн тойрогтоо өрсөлдөхгүй бол шүү дээ.
Н.Ганбямбын хувьд тус аймгийн МАН-ын хорооны даргын алба хашдаг. Тэр 2012 онд ялагдаж тойргоо цэнхэртүүлсэн учир намын зарим нөхөд нь ам муутай байх. Гэхдээ тэр даагаа нэхэхээр бэлтгэлээ базааж байгаа аж.
У.Хүрэлсүхнэр дэвших нь тодорхой гэх мэдээлэл зарим хэвлэлээр хөвөрч байна. Гэхдээ түүнийг дахин намын жагсаалтад бичигдэж магадгүй гэж үзэх хүн олон.
АН
АН-аас тус тойрогт 2012 онд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нар өрсөлдсөн. Б.Гарамгайбаатар ялалт байгуулж, улмаар УИХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хашиж байна. Тэрээр улаан тойргийг цэнхэртүүлсэн гэдгээрээ намын жагсаалтад бичигдэх болсон гэх яриа хэдийнэ гарч амжжээ.
Хэрэв жагсаалтад эхний 10-т эрэмблэгдэж чадахгүй бол мэдээж тойрогтоо нэр дэвшинэ. Тэр утгаараа тойргоо тойглохоор Хэнтийн бүх сумдаар энэ өдрүүдэд ажиллаж байна гэх мэдээлэл ч гарчээ.
Б.Гарамгайбаатарын хувьд аймгийн намын хорооны даргын алба хашдаг. Мөн “Монроуд” компанийг үүсгэн байгуулагч юм. Түүний үүсгэн байгуулсан компани бондын хөрөнгөнөөс санхүүжиж орон нутагт зам тавьсан ч хэдхэн сарын настай байсан гэх шүүмжлэлийг хүлээгээд буй.
2012 онд Хэнтийд өрсөлдөөд ялагдсан учир энэ удаа нам нь дахин итгэл хүлээлгэх нь юу л бол гэж үзэх хүн олон. Ямартай ч тэрээр тойрогт өрсөлдөх эрхээ өнөө хэр халааслаагүй байгаа. Нам нь итгэл хүлээлгэвэл дэвшин гэсэн горьдлого тээж яваа.
Харин М.Хүдэрбаатарын хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр мөн ажиллаж буй юм. Мөн Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбоо болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүнээр ажилладаг.
Тэрээр 2012 онд Хэнтийд өрсөлдөөд ялагдсан учир энэ удаа нам нь дахин итгэл хүлээлгэх нь юу л бол гэж үзэх хүн олон. Ямартай ч тэрээр тойрогт өрсөлдөх эрхээ өнөө хэр халааслаагүй байгаа. Нам нь итгэл хүлээлгэвэл дэвшин гэсэн горьдлого тээж яваа. Тэр оны өмнө Хэнтийн сумдаар бэлэг тараасан гэх мэдээлэл байна.
Түүнчлэн Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, тус аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван нарын нэр яригдаж байна. Мөн “Лектор төв”-ийн захирал Ц.Баатархүүгийн нэр ч дуулдаж байгаа юм.
Бусад
Хэнтий аймгийн Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан С.Жаргал бие дааж нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл байна. Мөн бусад нам эвслээс нэр дэвшигчид мэр сэр тодорч, бэлтгэлээ базааж буй ч эрх баригч хоёр нам 1:1 харьцаатайгаар Хэнтийн тойрогт ялалт байгуулнагэх судалгаа байгаа юм.