Бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан тул зөрчлийн хэрэг нээжээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “АН-аас 2019 оны зургаадугаар сарын 11-14-нд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулахаар хүсэлт, мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байна. Уг хүсэлтийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хүлээж аваад жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн татгалзсан хариуг өгсөн байна. Татгалзан хариу өгсөн хэдий ч АН-ын зүгээс зургаадугаар сарын 10, 11-нд 11.00-12.30 минутын хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл, шаардлага өгсөн ч АН энэхүү үйл ажиллагаа үргэлжлүүлсэн.

Үүний дараа АН-ын зүгээс зургаадугаар сарын 12-ны өдөр Гэрлэх ёслолын ордны талбай дээр жагсаал зохион байгуулна гэж бүртгүүлсэн ч байрлалаа өөрчлөн зөвшөөрөлгүй газар буюу Австрали Улсын ЭСЯ байрлах газар жагсаал цуглаан зохион байгуулсан. НҮБ-ын дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцод заасны дагуу аливаа улс орны дипломат харилцааны газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг. Шангрилла зочид буудал дотор Австрали Улсын ЭСЯ байрладаг учраас үүнтэй холбоотой асуудал үүссэн тул жагсаал зохион байгуулагчдад очиж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас очиж үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавьсан.  Зохион байгуулагч Энхсайханы зүгээс хэвлэл мэдээлэлд “Хууль ёсоор жагсаал цуглаан зохион байгуулж байхад ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан нөхөр чинь цагдаа юм байна, дахин цуглаан зохион байгуулах юм бол нөхрийг чинь ажлаас нь хална гэж дарамталсан, цагдаа нар ирж барих гэж байна” гэдэг мэдээллүүд гаргасан. 

Энхсайханы гэр бүлийн хүн цагдаагийн байгууллагад тодорхой түвшний удирдах албан тушаал хашдаг. Жагсаж цуглах үгээ хэлэх эрхээ эдэлж байгаа хүний ар гэрийг цагдаагийн байгууллагаас дарамталж халах гэсэн ямар нэгэн байдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Мөн жагсаал цуглаан зохион байгуулагчдыг цагдаагийн байгууллагаас баривчлах гэж байна гэдэг мэдээлэл дээр няцаалт өгч байна. Дээрх дурдсан хоёр удаагийн бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан асуудал дээр Зөрчлийн хэрэг нээсэн. Үүнтэй холбогдолтой тухайн жагсаал цуглаан зохион байгуулагчдыг хүрч ирж мэдүүлэг тайлбар өгөх зарлан дуудах, мэдээллийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тэд ирж бидэнд тайлбар мэдээлэл өгөөгүй байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)