Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 12-14-нд Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улс тус улсад Элчин сайдын яамаа нээсэн. Мөн Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсоноос гадна Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүний уламжлалт уулзалтад оролцсон гээд ач холбогдол өндөртэй айлчлал боллоо. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар багтсангүй. Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн их гар нийлж ажилладаг хүмүүс бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд хоёр. Энэ ч утгаараа Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгчийн бүх айлчлалын бүрэлдэхүүнд багтдаг. Гэвч энэ удаа явахгүй, дэд сайдаа явуулсан нь анхаарал татаж байна. Ерөнхийлөгч Киргизийг зорьсон өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцож 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийснээс өөр зайлшгүй оролцох шаардлагатай арга хэмжээ болсонгүй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Байнгын хороонд мэдээлэл хийснийхээ дараа Ерөнхийлөгчийн араас Киргизийг зорьж болох байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз руу явахынхаа өмнөх өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг илгээж, дипломат албаны ажилтнууд Монгол Улсын нэр хүндийг унагаж байгааг анхаарч, арга хэмжээ авахыг сануулсан юм. Ингэхдээ “Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг Ерөнхийлөгч бусад дипломат албаны ажилтан, албан тушаалтнуудыг Засгийн газар, түүний гишүүн томилж чөлөөлдөг. Тухайлбал олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Ерөнхий консулыг Засгийн газар, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогч, цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус тус томилж байна. Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.
Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэсэн.
Ерөнхийлөгчийн Ерөнхий сайдад илгээсэн албан бичгээс Гадаад харилцааны сайдыг буруутгасан өнгө аяс харагдаж байгаа юм. Магадгүй дээрх шалтгаанаар Ерөнхийлөгч Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг айлчлалынхаа бүрэлдэхүүнд багтаагаагүй байх магадлалтай. Уг нь Ерөнхийлөгчийн оролцсон энэхүү арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бусад улс орны гадаад хэргийн асуудал эрхэлсэн сайд нарын адил зайлшгүй оролцох ёстой. Тухайлбал, гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар байлцжээ.