Хонконгчууд юуны учир даргаа үзэн ядах болов

-Даргаа огцрохыг шаардсан жагсаалд хоёр сая гаруй хүн оролцжээ-

Хонконгийн иргэд эрх баригчдын батлахаар завдаж байсан Ялтан шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцэж, өчигдөр тайван жагсаал хийлээ. Жагсаалд хоёр сая гаруй хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Энэ нь Хонконгийн түүхэнд хамгийн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өчигдөр болсон гэсэн үг юм. 

Ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн долоо хоногт Хонконг даяар өрнөж, эсэргүүцлээ ширүүнээр илэрхийлсэн. Уг хууль батлагдвал Хонконгийн нутаг дэвсгэрт байсан ч хамаагүй, бусад улсын төр засгийн эсрэг ажилласан хүнийг тухайн улсад нь шилжүүлж өгөх боломжтой болно гэж үзсэн учир ийнхүү эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын бодлогыг эсэргүүцсэн оюутнуудыг БНХАУ-д шилжүүлж өгөх боломж бүрдүүлэх гэж байна гэж хардсан юм. БНХАУ-аар зогсохгүй Тайвань, Макаод ч шилжүүлж өгөх болно гэж эсэргүүцэгчид нь нотолж байв.

Урьд өмнөх жагсаалууд үр дүнгээ өгч, Хонконгийн тэргүүн Кэрри Лам хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа ням гаригт зарлаж, иргэдээс уучлалт гуйсан ч  эсэргүүцлийн жагсаал цуцлагдалгүй, агуулгаа Кэрри Ламыг огцрохыг шаардах болгож өөрчилсөн аж.    

Жагсаал хэрхэн болов

“Өнөөдрийн жагсаалд хоёр сая гаруй хүн оролцсон” гэж зохион байгуулагчдын нэг Жимми Шам мэдэгджээ. Харин Хонконгийн цагдаагийн газраас арай баг тоо гаргасан байна. Зохион байгуулагчид жагсаалд оролцсон нийт хүнийг тооцсон бол Цагдаагийн газар жагсаал яг оргил үедээ хичнээн хүнтэй байсныг тооцсон учир ийнхүү зөрүү гарчээ. ВВС агентлагийн Хонконг дахь сурвалжлагчийн мэдээлснээр, жагсаал тайван байдалд явагдсан бөгөөд цагдаа нар жагсаалд ямар нэгэн саад учруулаагүй байна. Өнгөрсөн лхагва гаригт болсон жагсаал үүнээс огт өөрөөр өрнөж, олон хүн баривчлагдаж, гэмтэж бэртсэн билээ.

Тиймээс хоёр дахь жагсаалд сая хүн оролцвол их юм гэж зохион байгуулагчид нь тооцоолж байсан аж. Гэтэл өчигдөр өглөө Хонконгийн төвд орших Ялалтын талбайд маш олон хүн гарч ирсэн нь зохион байгуулагчдыг ч балмагдуулжээ. Жагсагчид гартаа “Биднийг хөнөөхөө зогсоо”, “Оюутнууд бослого дэгдээгээгүй”, “Кэрри Лам огцор” гэх мэт бичигтэй самбар барьсан байжээ.  

Хонконгчууд яагаад Кэрри Ламыг ингэтлээ эсэргүүцэж байна вэ

Кэрри Лам нь Хонконгийн гүйцэтгэх удирдлагад бөгөөд Бээжингийн дэмжлэгтэй гэдэг нь тодорхой нэгэн аж. Энэ сарын 12-нд тэрээр ард иргэддээ таалагдахгүй зүйл олныг хэлсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаалыг “Зохион байгуулалттай бослого” гэх зэргээр нэрлэсэн юм. Иргэд эсэргүүцэл илэрхийлсэн хэвээр, асуудал анхаарлын төвд байсаар байтал тэрээр дээрх мэдэгдлийг хийснийхээ дараа бямба гариг хүртэл таг чиг болсон нь иргэдийн дургүйцлийг бүр ч ихээр хүргэжээ.  

Кэрри Лам.

Улмаар ням гаригт олны өмнө гарч, хуулийг хойшлуулж байгаагаа зарлаж, иргэдээс уучлалт хүссэн ч иргэдийн санаанд нийцсэнгүй. Тэд улс төрийн хоригдлуудыг гадаад улсад хүлээлгэж өгөх зохицуулалт бүхий Ядтан шилжүүлэх тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулах бус, шууд цуцалж дахин сөхөхгүй байхыг хүсч байсан бөгөөд Кэрри Ламаас энэ үгийг сонсохыг хүсч байсан юм.  

Хонконгчууд яагаад ялтан шилжүүлэх хуульд эмзэг хандав

Британийн колони байсан Хонконг нь 1997 онд БНХАУ-ын мэдэлд шилжсэн ч автономит эрхээ хадгалж, “Нэг улс-хоёр тогтолцоо” гэдэг зарчмаар явж ирсэн. Хонконг нь өөрийн гэсэн хууль журамтай бөгөөд иргэдийн эрх чөлөөг эх газрын Хятадаас илүү өргөн хүрээнд хангасан байдаг. Хонконгод өөрийн гэсэн бие даасан, хараат бус шүүх, эдийн засгийн тогтолцоо бий. Бээжийн батлан хамгаалах, гадаад бодлогыг барьдаг ч дээр дурдсан ялгарлаа Хонконг хадгалсаар ирсэн бөгөөд цаашид ч хадгалах хүсэл эрмэлзэлтэй байна. 

  

Хонконг улс дэлхийн 20 улстай ялтан солилцох гэрээтэй. Харин БНХАУ-тай одоо хүртэл гэрээгүй явж байгаа юм. Хэрвээ Кэрри Ламын зүтгүүлсэн хуулийг баталбал Хонконгийн шүүх эрх мэдэл БНХАУ-ын гарт орно гэж хардсан нь иргэд гудамжинд гарах үндсэн шалтгаан юм. Хонконгчууд БНХАУ-ын шүүх хүмүүнлэг гэдэгт эргэлздэг. Мөн энэ хууль баталбал автономит эрхээс нь хумслагдан гэж айсан учир ийнхүү ирээдүйнхээ төлөө үг, үйлдлээ нэгтгэж байгаа ажээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)