Эдийн засаг иргэдийн амьдралд бус цаасан дээр өсч байна гэх шүүмжлэл нийгэмд гарч буй. Гэхдээ эдийн засагт ийм бодит өсөлт гарсан гэдгийг албаныхан онцолж байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2017 онд 5.3, 2018 онд 6.9 хувь болж өссөн. Энэ оны эхний улирлын байдлаар ДНБ-ий өсөлт 8.6 хувьд хүрээд байна.
Мөн гадаад валютын албан нөөц 2016 оны долоодугаар сард 1.2 тэрбум ам.доллар байсан бол 2017 онд 3.0, 2018 онд 3.5, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Төсвийн сахилга батыг сайжруулснаар сүүлийн 10 жилд анх удаа 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн тэнцэл 286.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ.
Харин экспортын хэмжээ 2016 онд 4.9, 2017 онд 6.2, 2018 онд 7.0 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 3 орчим тэрбум ам.долларын ашигтай гарчээ.