Энэ өдөр түүхэнд: Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

Оны 168 дахь өдөр, шинэ он гартал 197 хоног үлдлээ.

Өнөөдрийн тэмдэглэлт өдөр

Цөлжилт, хуурайшилттай тэмцэх Дэлхийн өдөр

Цөлжилт, хуурайшилттай тэмцэх Дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны нэгдүгээр сарын 30-нд зарласан юм. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “ Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг 1994 оны зургаадугаар сарын 17-нд баталсантай холбоотойгоор уг өдрийг бий болгожээ.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна.  Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна.

Ялангуяа, хуурайшилт өндөртэй Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд онцгой анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод буй. Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу ерөнхийдөө их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэх тоо мэдээлэл ч бий.  Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн илэрхийлэх болсон. 

Тиймээс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна.  Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2  хувиар бууруулахаар тусгасан. Ингэхдээ 2030 онд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилтыг БАОЖЯ-наас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Таван дэлбээт сарнайн баяр (Чех)  гэсэн гайхалтай, шуугиантай, хурц тод дундад зууны баярыг 1986 оноос эхлэн Чески Крумлов (Český Krumlov) гэдэг өмнөд Чехийн хот тэмдэглэдэг болжээ. Тэнд Рожмберкин овгийн захирагчдын түүхэн эдлэн байдаг ба уг баярыг  шилтгээний сүүлчийн эзэд  захирагч нарт зориулжээ. Энэ овгийнхны сүлдэд таван дэлбээт сарнай зурагдсан байдаг. Тухайн үеийн хувцас хунараар гоёсон хотынхон ба зочид нэг өдөр дундад зуунд орон хувирч ажлаа хийж, наймаалцаж зугаалдаг.

Сонирхолтой түүх

"Polaroid"автомат камер патент авчээ

Массачусетс мужийн Кембриж хотод Эдвин Лэнд оптикийн техник үйлдвэрлэгч "Polaroid Corporation" компанийг  1937 онд үүсгэн байгуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лэндийн зохиосон техникийн эрэлт өндөр байлаа. Лэнд армийн оптик: шөнийн харах төхөөрөмж, шумбадаг онгоцны дуран, дурангуудыг бэлтгэж байв.Гэрэл зургийн авалт ба зураг гаргах ажиллагааг нэгтгэсэн гэрэл зургийн аппарат бүтээхээр Лэнд 1946 оноос ажиллаж эхлээд жилийн дараа бүх процесс нь 60 секундад хийгддэг фото аппаратыг бүтээжээ.1948 оны арваннэгдүгээр сард Бостоны их дэлгүүрт  арилжааны зориулалтын "Polaroid Land-95" модель гарч ирэв. Үнэ нь 90 доллар байсан аппаратын эхний хэсэг тэр даруйдаа зарагдсан байлаа. 1963 онд "Полароид" “агшин зуурын” өнгөт зургийн аппарат гаргав.Эдвин Лэнд  1970 оны зургаадугаар сарын 17-нд халаасын бүрэн автомат "Polaroid SX 70" аппаратад патент авлаа. Хоёр жилийн дараа  аппарат худалдагдаж эхэлжээ.

Өнөөдөр түүхэнд

1579- Английн далайн дээрэмчин  Фрэнсис Дрейк дэлхийг тойрсон далайн аяллынхаа явцад Сан-Францискийн орчимд буун эрэн хавийг Английн эзэмшил гэж зарлан “Шинэ Альбион” гэж нэрлэжээ.

1818- Парисын зураачийн хүү, консерваторыг дүүргэгч, хөгжмийн зохиолч Шарль Гуно төржээ. Авъяаслаг ая зохиогч, хөгжмийн хөргийг бүтээгч тэрээр хөгжмийн түүхэнд уянгалаг дуурь зохиогч гэдгээр оржээ.Тэрээр “Фауст”, “Мирейль”, “Ромео,Жульетта” зэрэг дуурь, 140 гаруй романс дууны аяыг зохиожээ.

1871- Америкийн хамгийн “өндөр” хурим болох 2 м 27 см өндөртэй канад сүйт хүүхэн бүсгүй Энн Сван, 2 м 19 см өндөртэй америк залуу Мартин Бурентай гэрлэв.

1885- Нью-Йорк хотын боомтод Америкийн ард түмэнд Францын ард түмний бэлэглэсэн  Эрх чөлөөний хөшөөг ачсан "Изере" уурын хөлөг онгоц хүрэлцэн ирэв. Түүнийг зөөхийн тулд хөшөөг 350 хэсэг болгон зүсээд 214 хайрагт хийсэн байв.

1896- Петербургийн Александрын цэцэрлэгт Н.В. Гоголь, М.Ю.Лермонтов нарын цээж баримлыг суурилуулжээ.

1910- Румыны Аурела Влайкугийн зохион бүтээсэн аэроплан-парасоль "Влайку I" анхны нислэгээ хийжээ.Энэ өдрийг Румыны нисэхийн үндэсний баяр гэдэг.

1912- Иллинойс мужийн Спрингфилдын нисэх буудалд Жулия Кларкийн жолоодсон  биплан-давхар далавчит "Кертисс" онгоц мод мөргөн хөмөрчээ. Жулия  Кларк онгоцны  ослоор үрэгдсэн анхны америк эмэгтэй болжээ.

1925- Швейцарийн Женев хотноо 37 орны төлөөлөгчид дайнд амьсгал боогдуулах, хорт хий ба биологийн зэвсэг зэргийг ашиглахыг хориглох тухай протоколд гарын үсгээ зурцгаажээ.Энэ нь шууд утгаараа хими, биологийн эсвэл хорт зэвсгийг дайны үеэр ашиглахыг хориглосон анхны олон улсын гэрээ байв.

1928- Амелия Эрхарт онгоцоор Атлантын далайг туулахаар нисэв.

1939- Францад сүүлчийн удаа олны нүдэн дээр гэмт хэрэгтэнг гильотон төхөөрөмжөөр цаазалжээ.

1950- Чикагогийн мэс засалч Ричард Лоулер 45 минутын дотор хүнд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийжээ.

1961- Ленинградын дуурь бүжгийн театрын Парист  тоглолт хийх үеэр Зөвлөлтийн бүжигчин Рудольф Нуриев улс төрийн орогнол хүсэв.Удалгүй Нуриев Лондоны хааны театрт бүжиглэн дэлхийн цуутан болжээ.

1967- Хятадад  устөрөгчийн бөмбөгийг анх удаагаа туршжээ.

1982- Байлдааны "Ка-50" нисдэг тэрэгний туршилтын эхний загвар "Хар акула" агаарт анх хөөрөв.

1985- Америкчуудын хамт дэлхийн анхны араб сансрын нисэгч Саудын ханхүү Салман аль-Сауд сансарт нисчээ.

1998- АНУ-ын Перу хотод найман циркчин олсон дээр хамгийн өндөр амьд пирамидыг босгожээ.Олс нь 6 метр 10 см-ын өндөрт татагдсан байв.

1998 – Америкийн Жонни Рейц нэгэн зэрэг амандаа гурван гамбургер багтаан дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.

1998 – Англиийн Жон Эванс толгой дээрээ шар айргийн хоосон 10 торхыг 10 секундын дотор тогтоосон дээд амжилт үзүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)