ЮНЕСКО түүхэн хот, тосгодын ирээдүйг хэлэлцэв

ЮНЕСКО-гоос БНХАУ-ын Сычуань мужийн Мэйшан хотын Ардын засгийн газартай хамтран энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Соёл 2030-Хөдөө ба хотын хөгжил: Түүхэн хот, тосгодын ирээдүй” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулжээ. Уг хуралд Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын дарга М.Цэцэнбилэг нар оролцсон байна.

Хурлыг нээн Мэйшан хотын захиргааны ХКН-ын нарийн бичгийн дарга Му Шинхай, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын Соёлын асуудал хариуцсан орлогч Эрнесто Оттоне, БНХАУ-ын Хот, хөдөөгийн хөгжил, барилгын яамны Хөдөөгийн хөгжлийн газрын дэд захирал Бай Зеншинг, Орчин цагийн Хятадын архитекторын судалгааны төвийн дарга Франсуа Гэд, Сичуань мужийн Ардын Засгийн газрын орлогч дарга Шинпинг Яанг нар үг хэлжээ. Нээлтийн ёслолын дараагаар Тогтвортой хөгжилд соёлын оруулах хувь нэмэр сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлснийг Ливан улсын Соёлын сайд, Эквадор улсын Соёл, өвийн сайд, Морокко улсын Хот төлөвлөлт, барилга, хотын бодлогын яамны төрийн нарийн бигчийн дарга зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцож ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга Мариалза Оливейра удирдан чиглүүлсэн аж.

Мөн Соёлоор дамжуулан хот, хөдөөгийн холбоосыг бэхжүүлэх тухай ЮНЕСКО-Дэлхийн банкны хэлэлцүүлэг, Соёл 2030: Түүхэн хот, тосгодын ирээдүй, Мэйшан хотын туршлага сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлснийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга Монгол Улсын Засгийн газрын соёл, хөгжлийн талаар баримталж буй бодлого, соёлын өвийг хөдөө орон нутаг, хотыг хөгжүүлэх бодлогод хэрхэн уялдуулж, тусган хэрэгжүүлж байгаа талаар танилцуулсан байна.

Энэхүү олон улсын бага хурлын хүрээнд ядуурлыг бууруулахад бүтээлч эдийн засаг, соёлын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжилд соёлоор дамжуулан иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн хангах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, соёлын өвийг хадгалан хамгаалах, соёлоор дамжуулан хөдөө орон нутаг болон хот хоорондын холбоог сайжруулах, хот тосгоны хөгжил, түүний тогтвортой хөгжилд соёлоор дамжуулан хэрхэн эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон чухал асуудлуудыг 80 гаруй улсын 170 орчим төлөөлөгчид нэгэн дор цуглан хэлэлцэж туршлага солилцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)