Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг парламент хийж байна. Нэг нам үнэмлэхүй олонх болсон үедээ “эцэг” хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь учир дутагдалтай гэх шүүмжлэл нийгэмд гарсан. Мөн УИХ дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл олон жил яригдсан, олон ч хүний санаа бодлыг тусгасан. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийн өмнө хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдгийг удаа дараа хэлсээр ирлээ. Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулийг баталсан ч хэрэгжиж эхлээгүй байна. Гэтэл бид хуучин хуулийнхаа дэгийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийг маш онцлогтой хэлэлцдэг.  Энгийн хуульд хавчигдаад олонхоороо түрж батлах гэж байна. АН завсарлага авах эрхгүй болсон. Үүнийг хууль журмынх нь дагуу хэлэлцэж, улс төрийн намуудын саналыг аваач гэж шаардаж байна. Тэр болтол бид хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, чуулганы танхимыг орхин гарах болно гэдгээ мэдэгдье.

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ: Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Ерөнхийлөгчид хуулийн төслөө өгсөн болохоос албан ёсоор санал авахаар хандаагүй юм билээ. Нэг нам үнэмлэхүй олонх болсон үедээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй. Ард түмнээсээ асууна гэж байна. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхлэчихээр дундуур нь асуух боломжгүй. Асуулаа гэхэд бид ийм ийм санал гаргасан ингэж хэлэлцэж байна, энэ саналууд дэмжигдсэн гэж ард түмнийг хууран мэхлэх башир арга хэрэглэх нь.

Үүнээс гадна Үндсэн хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн хараат бус байдалд хандсан зүйл заалт олон байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүчийг нь сулруулсан заалтууд тэр чигтээ оржээ. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрх зүйн чадамжгүй гэж байна.