Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, технологийн асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал өнөөдөр болж байна.  Уг хурлын үндсэн зорилго нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шинжлэх ухааны ололт амжилт, нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг сайжруулахад чиглэж буй аж.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байгаа өнөө үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь байгалийн нөөцийг тогтвортойгоор ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, экологид халгүй дэвшилтэт технологийг ашиглах явдал юм.  Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсч буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST2019/ сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал олгож байгааг зохион байгуулагчид онцолж байна.

 Энэ жилийн салбар хуралдааныг байгалийн шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм. 

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын анхдугаар бага хурал 2017 онд зохион байгуулсан бөгөөд тус хурлаас 2 жил тутам уг хурлыг зохион байгуулахаар тогтсон байна. Тус бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМОЗО болон Монгол улсын эрдэмтэн судлаач, багш нар оролцохоос гадна БСШУСЯ, БОАЖЯ, ШУА-ийн удирдлага, ажилтан ОУ-ын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Мөн түүнчлэн тус бага хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох  БНХАУ-ын эрдэмтэн “Wang Tao”, “Dong Suocheng” Японы эрдэмтэн “Tsunekawa Atsushi”, БНСУын эрдэмтэн “Sung Gyu Kim” болон Энэтхэг улсын эрдэмтэн, ОУ-ын зөвлөх “Mahesh Patanker” нар уригдан ирж түлхүүр илтгэлийг танилцуулж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)