УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уг хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргалаа. Ингэхдээ тэрээр "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс саналыг нь авсны дараа өргөн барих ёстой. Гэтэл Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан тухай мэдээллийг хэвлэлээс анх авсан байна" гэсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Ерөнхийлөгчид хоёр удаа албан бичгээр хандаж төслөө танилцуулсан боловч хуулийн хугацаанд нь саналаа өгөөгүй юм байна. Тиймээс тухайлсан саналгүй гэж үзсэн байна" гэлээ.