Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга н.Лувсан-Очир “Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн 20, кабелын сувгийн 62 тусгай зөвшөөрөл, орон нутаг 65 телевиз, 9 кабелын суваг бий. Нийслэлд кабелын суваг олон. Өргөн нэвтрүүлэгтэй холбоотой зохицуулалт хийхэд хууль эрхзүйн орчин дутмаг байгаа. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль Монгол Улсад байхгүй. Зөвхөн олон нийтийн радио телевизэд зориулагдсан хууль бий. Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдчихвал өргөн нэвтрүүлгийн асуудал илүү эрхзүйн чадамжтай болно” хэмээн ярьсан юм.

Бид өнөөдөр чанартай уран бүтээл, сайн мэдээ мэдээлэл бэлтгэж төр түмэнд хүргэх үүрэгтэй. Энэ үүрэг зарим талаараа алдагдсныг өнөөдөр хэн хүнгүй мэддэг болжээ. Иймд Монголын телевизүүдийн холбоо Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болохоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллаж буй юм. 2016 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдлээ.

Энэ талаар Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Г.Бат-Эрдэнэ “Манай телевизүүд түүхэндээ анх удаа хуультай болох гэж байна. Энэ хуулийн гол амин сүнс телевизийн контентын /бүтээл/ чанарыг сайжруулахад оршиж байгаа. Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүд ийм хуультай болъё, гол концепц нь ямар байх вэ гэдэгт бүгд байр сууриа нэгтгэсэн. Энэ бол дэвшил. Хуультай болж байж телевиз чанартай, сайн уран бүтээл хийх юм байна, тэдгээрт ажиллаж байгаа уран бүтээлчдийн цалин хөлс нэмэгдэнэ” гэлээ.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд бас нэг асуудал хөндөгдөж буй. Тодруулбал, өнөөг хүртэл телевизийн салбар контентоо дамжуулагч байгууллагуудад үнэгүй нийлүүлж ирсэн. Үндсэндээ нэг ч төгрөгийн төлбөр авдаггүй. Энэ нь эргээд оюуны өмчийн асуудал ярихад хүргэсэн. Ямар ч хүн оюуны өмчөө баталгаажуулж, патентжуулдаг ардчилсан улсад бид амьдарч байна. Гэтэл телевизүүд оюуны өмчөө баталгаажуулж чадахгүй дээрэмдүүлээд сууж байх. Бидний уран бүтээлийг дамжуулагч байгууллага ухрааж үзэх үйлчилгээгээр дамжуулан ашиг олж байгаа нь хууль зөрчиж буй ч Өргөн нэвтрүүлгийн тухай хуульгүй учраас зогсоох арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.

Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул “Монголчууд өргөн нэвтрүүлгийн контентыг хамгийн их үзэж байна. Тэд өргөн нэвтрүүлгийн уламжлалт мэдээ мэдээлэлд хамгийн их итгэдэг судалгаа гарсан. Тэгэхээр монголчуудын үнэлэмжийг дамжуулагч байгууллагууд одоо хүртэл үнэлэхгүй явж иржээ. Иргэдийн халааснаас 20 мянган төгрөг авах гээд байна гэсэн мэдээлэл явж байна. Энэ ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлэх ёстой” хэмээсэн.

Ухрааж үзэхэд иргэдийн төлсөн мөнгө контентыг нь нийлүүлж байгаа телевизүүдэд тодорхой хэмжээгээр очиж байж чанартай уран бүтээл хийнэ, түүгээр дамжуулж сэтгүүлзүй соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэнэ. Өнөөдөр сэтгүүлчдийн дундаж цалин 650 мянга байна гэсэн судалгаа гарчээ. Ажлын найман цагаас 3-4 цагаар илүү ажилладаг хэр нь хөдөлмөрийн үнэлэмж нь бага. Тиймдээ ч авъяастай уран бүтээлчид салбараа орхих нь бий. Хэрэв телевизүүд ухрааж үзэхэд иргэдийн төлсөн мөнгөнөөс тодорхой хэсгийг нь авдаг болчихвол чанартай уран бүтээл гарахын зэрэгцээ тэнд ажилладаг ажиллагсад, уран бүтээлчдийн цалин хөлс нэмэгдэнэ. Үүнийг дагаад сэтгүүлзүй соён гэгээрүүлэх үүргээ жинхэнэ утгаараа гүйцэтгэнэ гээд дурдвал гарах үр дагавар асар их.

Ганцхан тоо дурдахад, Монголынхоо контентоор дамжуулж мөнгө олдог дамжуулах сувгууд гаднын HBO зэрэг сувагт /компанид/ жилд 1.5 сая ам.доллар төлж байна. Маш товчхондоо, монголчуудын мөнгийг цуглуулаад гадаад руу цацаад байгаа хэрэг. Энэ асуудалд зохицуулалт хийх шаардлага байгаа нь энэ мэт жишээнээс тодхон харагдаж байгаа юм.