Дорнод, Хэнтий аймгийн нутгаар урсдаг эртний түүх домогт Улз гол татарч, тасрахад хүрчээ. Тиймээс Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Далбалбар, Чулуунхороот сумдыг хамарсан Улз голын урсацыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төсөлд нийт 2.5 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулах бөгөөд энэ онд 1.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр болжээ.

Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт орших Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч, улсын хил дагуу Хэнтийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутгаар дайран урсдаг. Эхнээсээ адаг хүртэл 510 км үргэлжилдгээс 90 гаруй хувь нь манай нутагт хамаардаг. Ийнхүү урт холын замд нь Улзын голд Дөч, Түргэн, Бэрх, Хуурай хөндий, Ар булаг, Хархираа, Ажнай зэрэг олон гол цутгаж урсгалыг нь сэлбэдэг байжээ. Харин эдгээр нарийн голууд ширгэж үгүй болсноор сүүлийн жилүүдэд Улз гол зарим хэсгээрээ тасарч ширгэхэд хүрээд байгаа юм байна.

Хоёр аймгийн таван сумын нутгийг дайран өнгөрдөг Улзын сав нутагт 15 мянган иргэн аж төрдөг гэсэн судалгаа бий. Энэ хэрээр олон малчин, тариаланч ард иргэдийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой Улз голын урсацыг нэмэгдүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж нутгийн иргэд талархан хүлээж авч байна.