-ТЦА: Хашлага байрлуулах нь олон улсад ашиглагддаг шилдэг арга-
Өнгөрсөн баасан гаригт буюу зургаадугаар сарын 7-ноос нийслэлийн авто замын зарим хэсэгт урсгал тусгаарлагч хайс, хашааг шинээр сольсон. Ингэж солих шийдвэрийг Нийслэлийн захирагчийн ажлын алба гаргаж, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлжээ.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг урсгал сөрөх, явган зорчигчдыг гарцгүй газраар зам хөндлөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хашааг суулгасан байгаа юм. Эдгээр хашааг Нийслэлийн арван нэгэн байршилд 5000 метр орчим газрыг хамарч суурилуулсан гэж Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлсэн. Гэхдээ эдгээр хашааг дотоодод үйлдвэрлээгүй БНХАУ-аас 700 сая төгрөгөөр импортолсон гэв.
Хэрвээ жолооч болон явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримталдаг бол авто замын голд төмөр хашааг хатгахгүй байх боломж бий. Гэхдээ замын хөдөлгөөний нийтлэг осол нь урсгал сөрснөөс болон гарцгүй газраар зам хөндлөн гарах зэргээс үүдэлтэй. Нөгөө талдаа замын хашлагыг жил бүр шинэчлэх нь өөрөө бизнес болсон гэх хардлагыг олон нийтэд төрүүлдэг. Харин Улаанбаатар хотын ерөнхий менежер үүнийг бизнес биш хотын өнгө үзэмж аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг Бээжин хотын үйлдвэрийн зориулалтын хашааг авчирсан. Өмнө нь ашиглаж байсан М хэлбэрийн цагаан хайснуудыг хуучин авто замын байгууллагууд оруулж ирсэн. Төсөв мөнгөнийхөө бололцоондоо тулгуурласан байх үнэхээр чанарын шаардлага хангахгүй.Эдгээр хашаа нь өөртөө хүндрүүлэгчтэй, 3000 метрийн урттай, хойд тал нь бараг 70-80 кг жинтэй. Ямар нэгэн байдлаар машин мөргөлөө гэхэд хайс нь цаашаа унахаасаа илүү мөргөсөн машин нь эвдрэхээр бат бэх.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Өмнө нь ийм хайс хашаагаар хязгаарлаагүй байхад хүн, хүүхэд зам тээврийн осолд өртөх, дээрээс нь жолооч нар дуртай газраараа эргэж, бусдын хөдөлгөөнд саад болж байгаад мөргөлдөх, шүргэлцэх зэрэг осол хэрэг маш их бүртгэгдэж байсан. Өмнө нь хашаа байршуулж байсан ч хотын өнгө үзэмж гээд буцаагаад авахад эргээд осол гэмтэл ихэссэн. Тэгэхээр энэ хайс хашлага нь ямар хэрэгтэй вэ гэвэл хариулт нь маш тодорхой байж байгаа болов уу” гэв.
Хашлагын урсгал засварыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар бүрэн хариуцна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хувьд энэ асуудалд ямар ч оролцоогүй төсөв мөнгө нь Захирагчийн ажлын албанд хамаардаг тухай ярьсан юм.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Шар хайсыг ерөнхий менежерээс захиалж, Тээврийн цагдаатай газартай зөвлөлдөөд шаардлагатай газруудад тавьсан. Өмнөх шар, улаан хайснуудыг тамгын газраас шийдээд Улаанбаатар зам ачилтаар тавиулсан. Чанар стандартыг мөрд гэсэн заалт бий, тэрийг нь мөрдүүлээгүй, өөрсдөө импортоор оруулж ирээд тавьчихсан байдаг юм.Шинэ ирсэн хайс нь нэлээн чанартай хайс ирсэн гэж Ерөнхий менежер хэлсэн учраас өөрөө хариуцаж ажиллах байх” гэлээ.
Харин өмнө нь байсан хуучин хашлагыг хотын захын дүүрэг хорооны авто замуудад байрлуулж зарим тохиолдолд баярын өдрүүдэд нэмэлт болгон ашиглана гэв. Одоогоор хуучин хайс хашлагыг УБЗЗА-ын харьяа үйлдвэрийн хашаанд хураажээ.
Уг нь манай улс хашлага зэргийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Дотоодын үйлдвэрийг дэмжинэ гэж ярьдаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй гэдэг нь энэ мэт жишээнээс харагдаж байна. Хашлага импортолсон 700 орчим сая төгрөг дотоодын аж ахуйн нэгжийн дансанд шилжих боломжтой байсан гэсэн үг.