Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж, хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгджээ.
Уг албан бичигтээ "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэхээр зэхэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болж буй гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл ойлголцолд тулгуурласан байдлаар явагдах нь зүйд нийцнэ.
УИХ-аас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан туршлага бий. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж үзэж болно.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болдог, эсхүл шүүмжлэл маргаан дагуулдаг энэхүү туршлага нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргах гол шалтгаан, бодит үндэслэл болсон юм.
Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь төсөл боловсруулахаасаа эхлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдах ёстой.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай гэдгийг хуульчилсан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны наймдугаар сарын 08-нд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай” 7451 дүгээр албан бичгээр, 2018 оны зургадугаар сарын 22-нд нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 8/7586 дугаар албан бичгээр тус тус хандаж, утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 2019 оны дөрөвдүгээр сарын 09-нд ТГ/254 дүгээр албан бичгээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүүлэхийг хүссэн. Гэвч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй бөгөөд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн болно.
Иймд хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авна уу" гэжээ