“Хариуцлагатай харилцагч, Хариуцлагатай банк”  аяны нээлт өнөөдөр боллоо. Уг аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран эхлүүлэв.

Банкны хамгийн чухал зүйл бол харилцагч. Харилцагч үгүй бол банк үгүй. Тэгвэл иргэдийн хувьд ч гэсэн банк санхүүгийн хамгийн том түншлэгч нь. Харин банк, харилцагчийн харилцаа итгэл дээр тогтоно. Итгэл бол нөгөө талаас хариуцлага. Ингэхээр банк, харилцагч хоёр хариуцлагатай байснаар санхүүгийн зах зээл тогтвортой байх юм.

Нөгөө талаас энэ нь аян нь Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон “банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрхийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэдэг заалтын дагуу иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх юм. Түүнчлэн аяны хүрээнд банкууд санхүүгийн чадавхиа ил тод мэдээлж, харилцагчиддаа санхүүгийн мэдээлэл зөвлөгөөг эрх тэгш өгөх юм байна.