Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хамаг л “хамаатнууд”-тайгаа хэвлэлийн өмнө гарч тэмбүүтэй дайн зарлаж, “Улаан тариа 2” аян эхлүүлж байгаа тухайгаа мэдэгдэв. Үүнийг нь гайхсан, ундуйцсан, шоглосон, шүүмжилсэн, айсан хүн олон байна. Нэр нь ч цочирдом юм. Чухам дэлхий дахинд тэмбүү эмчлэх жагсаалтаас хасагдсан улаан тариагаар нөхөн үржихүйн насны болон жирэмсэн эмэгтэйчүүдээ эмчлэхээр ийн нэрлэсэн үү, эсвэл шог зураачийн хошигноод байгаа шиг хувьсгалтай холбов уу.
Уг нь бол хүн амын дунд аюулын харанга дэлдээд буй тэмбүүтэй тэмцэж байгаа нь сайн хэрэг. Учир нь, халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж байна. Мөн жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байгаа гэдэг статистик бий. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ.
Гэвч тэмбүүтэй тэмцэж буй арга хийгээд өгүүлэмж нь дээрх маягаар нэг л ойлгомжгүй юм. Ингэхийнхээ оронд эмчилгээ, үзлэг, хяналтаа нам жимхэн эрчимжүүлээд, харин хүн амынхаа бэлгийн боловсролыг дээшлүүлэх ажилд ханцуй шамласан бол салбарын сайдын тэгтлээ их сэтгэл нь эмзэглээд байгаа бэлгийн замын халдварт өвчин “Баяртай” болохсон. Учир нь залуучуудын 60.4 хувь нь нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй, 36.8 хувь нь эрүүл мэндийн багш, 47.1 хувь нь олон нийтийн телевиз, 43.8 хувь нь найз, нөхдөөсөө бэлгийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг авдаг байна.
Бэлгийн амьдрал, нөхөн үржихүйтэй холбоотой, эрсдэлгүй зөв шийдвэрийг залуус өөрсдөө гаргадаг чадамжтай байх нь чухал. Ингэхийн тулд сургуулийн хөтөлбөрт бэлгийн цогц боловсролыг тусгах нь өсвөр үеийн залууст системтэй мэдлэг олгож, тэднийг зөв, эрсдэлгүй шийдвэр гаргахад тусалдаг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарагийн хэлснээр бол “Хамгийн гол нь залуучуудын мэдлэгт нөлөөлж чадаж байна уу гэдэг нь чухал. Ази, Номхон далайн бүсэд энэ асуудалд анхаарч дээгүүрт жагсдаг хэд, хэдэн орон бий. Гэвч тухайн улсын нийгэм, соёлоос хамааралтай. Зарим оронд иргэддээ бэлгийн цогц боловсролыг шууд хүргэхээс цааргалж, тойруу байдлаар ойлгуулдаг. Харин зарим улсад шууд, илэн далангүй ярилцаж зөвлөдөг. Энэ нь өсвөр үеийн залуучуудыг асуудлаа хурдан, тодорхой мэдэж авахад нь тусалдаг. Монгол Улсын хувьд зарим оронтой харьцуулахад нийгэм соёл нь харцангуй нээлттэй учраас залуучуудад шууд хүргэх боломжтой. Бэлгийн цогц боловсролын асуудал бол залуучуудын бэлгийн амьдралд маш чухал хүчин зүйл үзүүлэх учраас бид төр засгийн шийдвэр гаргагч нарыг анхаараасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Монголчууд хэзээнээс бүрэг ард түмэн. Өөрөө аав, ээжээсээ хэзээ ч нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар сонсож байгаагүй тул үр хүүхэдтэйгээ ч энэ сэдвийг хаалттай орхидог. Харин үүнийг энд дурдсанчлан бодлогоор, нөлөөллөөр олгох ёстой юм. Ингэж байж тэмбүү төдийгүй өсвөрийн үе, залуусынхаа эрүүл мэндэд заналхийлээд буй бэлгийн замын халдварт өвчин устах юм. Нөгөө “Дотор эрхтэний өвчлөлийг бууруулахын тулд шүдийг нь эмчилдэг” гэдэг шиг өвчинтэй нь биш учир шалтгаантай нь тэмцэх хэрэгтэй.