Зөрчлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг прокурорууд зөвлөлджээ

Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын зөвлөгөөн анх удаа болжээ. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль  мөрдөгдөж эхэлснээр Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн байна. Хуулийг хэрэгжүүлэхэд Прокурорын байгууллага Цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар энэхүү зөвлөгөөнөөр ярилцжээ.

Цагдаагийн байгууллагууд зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг томоохон субъектийн нэг. Зөрчлийн тухай хуульд заасан 214 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэдэг. Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа зөрчлийн хэргийн 97 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэж байгаа юм байна. Прокурорын байгууллага болон шүүх зэрэг байгууллагууд Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан зохион байгуулалтын болон бүтцийн өөрчлөлт хийсэн ба прокуророос мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага боловсруулах зэрэг олон ажлыг тасралтгүй хамтран зохион байгуулж иржээ.

Зөрчлийн хуульд заасан хамгийн түгээмэл гарах болсон хэргүүдээс дурдвал иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлүүд болох танхайрах төрлийн зөрчлүүд, хулгайлах зөрчлүүд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлүүд зэрэг дийлэнхдээ бусдын эрүүл мэндэд халдах, хүч хэрэглэсэн шинжтэй зөрчлүүд гарч байгааг цагдаагийн байгууллагынхан хэлж байна. Үүнээс хулгайлах зөрчлийн хэрэг буурахгүй байгаа ажээ. Хулгайлах зөрчлийн хэргийн илрүүлэлт орон нутагт 50 орчим хувь, нийслэлд 20 орчим хувьтай байна. 

2019 оны эхний 5 сарын байдлаар 56 гүтгэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, 23 холбогдогч этгээдэд 41 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээнүүдийг оногдуулж шийдвэрлэжээ. Мөн гүтгэх зөрчлийн хэрэг олон нийтийн сүлжээгээр их гарах болжээ. Хамгийн сүүлчийн тоо баримтаас харахад 2019 оны эхний 5 сарын байдлаар 56 гүтгэх зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан байна. 23 холбогдогч этгээдэд 41 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээнүүдийг оногдуулж шийдвэрлэжээ. Бусдын нэр хүндийг гутаан доромжлох, худал мэдээллүүдийг нийтийн сүлжээнд тараадаг энэ үйлдэл бодит хүчирхийлэл бий болгох, залуу үеийг хүчирхийлэлд уриалан дуудах, бусдын нэр хүндийг хүндэтгэдэггүй болгох, цаашлаад гэмт хэрэгт холбогдох зэрэг олон асуудлыг араасаа дагуулах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг Зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын зөвлөгөөнд оролцогчид онцолсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)