Ипотекийн зээлийн санхүүжилтийг энэ онд хоёр дахин нэмэгдүүлсэн тухай мэдээллийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хийж, “Ипотекийн зээлийг гурван эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Улсын төсийн хөрөнгө оруулалтаар 115 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөр 100 тэрбум төгрөг, арилжааны банкуудын зээлийн эх үүсвэрээр 300 тэрбум төгрөгийг гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг анх удаагаа 2 дахин нэмэгдүүллээ. Журмын дагуу нийт зээлийн 30 хувийг орон нутагт олгоно” гэсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 зээлдэгчдэд олгосон байна. Энэ сард 48 тэрбум төгрөг олгох бол он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулах аж.
Тэгвэл өнөөдөр иргэд “Ипотекийн зээл зогссон”, “Тэр хоёр дахин нэмэгдсэн санхүүжилт чинь хаана байна вэ”, “Арилжааны банкууд санхүүжилт байхгүй” гээд олгохгүй байна” гэж бухимдах болсон. Аль аль нь үнэн. Харин асуудлын учиг юундаа байна вэ гэвэл хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, эргэн төлөлтөөсөө бүрэн санхүүждэг байсан тул тус зээлийн санхүүжилт одоогийнхоосоо их байсан. ОУВС-гийнхны өгсөн зөвлөмжийн дагуу тус зээлийг эргэн төлөлтөөс нь бүрэн санхүүжүүлэхгүй зөвхөн хүүгийн төлбөрөөр санхүүжүүлэхээр болсон. Энэ нь жилд ойролцоогоор 115 тэрбум төгрөг болно. Хоёрдугаар шалтгаан буюу энэ оны хоёр дахин нэмэгдсэн санхүүжилт, яагаад иргэдэд хүртээмжгүй байна вэ гэдэг нь, өмнөх жилүүдэд зээлийн олголт бага төдийгүй, эрэлт түүнээсээ хэд дахин давсан байсан үед банкууд 10 гаруй хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгоод, “Санхүүжилт орж ирвэл таны зээлийг ипотекийн найман хувь руу шилжүүлнэ” гэдэг зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, шинээр орж ирэх санхүүжилтэд аль хэдийн 10 гаруй хувийн хүүтэй иргэдийн оочер үүссэн байгаа гэсэн үг. Тэгэхээр нэмж авахад хүндрэлтэй байгааг Төв банкнаас тайлбарласан.