“Шүүх хурлыг удирдан явуулж буй шүүгч өмгөөлөгчид нотлох баримтаа хангалттай танилцуулах боломж олгодоггүй”, “Өмгөөлөгчийн оролцоог хангахгүйгээр шүүх хурал явууллаа” гэх шүүмжлэл гардаг. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын дараа ийм шүүмжлэл гарсан.

Мөн төрийн нэрийн өмнөөс үнэн, худлыг дэнслэх үүрэгтэй шүүгч яллагч прокурортойгоо нэг талд ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих маягаар шийдвэрээ гаргадаг гэсэн шүүмжлэл ч бий. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх “Шүүх миний асуудлыг шийдэхдээ прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн. Прокурорын дүгнэлтийг хуулж аваад л шийдвэрээ гаргачихсан. Шүүх хэнээс ч хараат бус байх ёстой атал прокурорын байгууллагын нарийн бичгийн дарга шиг ажилласан” хэмээн баримт дэлгэн гомдоллож байлаа. Үнэхээр ийм зүйл болдог гэдгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Ж.Ганбаатар: Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч шүүгчдэд толгой түрүүгүй загнуулдаг байдал өөрчлөгдөх үү?

-Харилцааны тэгш бус байдал нь процессын хуулиудаар зохицуулагдсан байдаг боловч тухайн шүүгчийн хувь хүнийх нь зан харилцаанаас шалгаалдаг. Гэхдээ бид өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нэмэгдүүлэх заалтууд оруулсан. Өмгөөлөгчийн эрхийг 14 зүйл заалтаар оруулж байгаа. Энэ зүйл заалт бүрэн дүүрэн хэрэгжвэл Ж.Ганбаатар гишүүний хэлсэн тэгш бус харилцаа арилна.

-Мэтгэлцэх зарчим гэж бий. Энэ бол прокурор яллаад, өмгөөлөгч хамгаалахыг хэлж байгаа юм. Энэ хоёрын дунд сууж буй шүүгч аль алиных нь байр суурийг сонсоод шийдвэрээ бие дааж гаргадаг зарчим. Зарим асуудал дээр манай шүүгчид яллах талаа дагаж гүйгээд байгаа юм. Энэ бол хуулийн гэхээсээ илүү шүүгч нарын боловсрол, ёс суртахуунтай холбоотой асуудал. Би АНУ, Япон, БНХАУ-ын шүүх хуралд сууж үзсэн. Шүүгч ерөөсөө дуугардаггүй. Хоёр талын байр суурийг сонсож байгаад шүүх хурлаа завсарлуулаад шийдвэрээ гаргадаг. Яллагч болон өмгөөлөгч тал үгээ хэлж байхад бараг асуулт асуудаггүй. Харин манайд бол энэ нь хуулиас илүү хүний асуудал болчихоод байгаа юм.

УИХ-ын гишүүдийн байр сууриас харвал шүүх хурлын үйл ажиллагаа нь процессын хуулиар зохицуулагдах ёстой ажээ. Гэвч шүүгчид хуулиас илүү өөрийнхөө ааш авираар шүүх хурлыг удирддаг болсон гэдгийг тэд хэлж байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь яллагдагч шиг, шүүгч нь яллагч прокурор шиг ажилладаг байна. Гэхдээ байнга бус зарим тохиолдолд ингэж ажилладаг бололтой.