-Зүрхний үгээрээ өргөсөн зул оршвой-
Өдөрчийн аян өндөрлөх тийшээ болж, шороон замд сая шилжин даваа өөд аажим өгсөж эхэллээ. Загастай нэртэй билээ, тэр их хангил даваа... Орчин цагийн тэрэг чарганы аятай тохитойд шүтэж дардан засмалаар бүүвэйлүүлэн өдөр турш суугаагаар аялахад нойр нозоо хүрч, бие чилэн аяншихаас эхлээд сайнаасаа саар тал ч мундашгүй нь...
Шороон замд ороод газрын цээж барин алгуурхан тэмүүлэхүй энэ байдал арай дээрдэн, харгуй болсон зам, агаарын цэнгэг тунгалаг, ус голын ариг ариунд цохиулан хотын хэдэн хүн нойрмог манараанаасаа сэрж, элэг дүүрээгээ ч доргиж донсолж “болдгийг” мэдрэх мэт болму.
Гайхал гар утасны ховч сүлжээ бас энд орж барьж, цахим зурвас нисэлдэн шаазгайн хэлээр элдвийг жиргэх нь хангайн өндөр оргилын хэц хярлаж буйн хэрэг гарч буй ажгуу. Гэтэл... Ангийг багшийг тэнгэрт явчихлаа гээд, ирэх долоон өдрийн “саран гараг”-т мөнхжингийн оронд нь үдэхээр болсон тухай, сэтгэл оюун нэгт дүүгийн мянган бээрийн чинадаас нисгэсэн зурвас хоромхоноо бууж зүрх зүсэж орхилоо...
“Ганто” хэмээн ном эрдмийн хүрээнийхэндээ абугайлагдсан, их сургуулийн ангийн багш маань шавь үүнийг, өмнө дурдан буй аянд гарсан өдөр, үүр цүүрээр тэнгэрийн харьяат болон дэвшжээ. Хайран ч сайн багш минь, эгэл даруухан, эрдмийн их хүмүүн минь... Монгол бичиг юүгээн л бүхнээс түрүүн бодож, үндэсний бичигт маань нөхөж цөлбөхөд хэцүүхэн гарз учирч буйг хамгийн түрүүн, судал бүхнээр минь дамжуулах шиг болов. Манай эх хэл бичгийн салбарт, аман билигзүй, бөө мөргөл судлалын ай савд, нутгийн аялгууны шинжлэлд орон зай тань онгойж үлдлээ, таны минь. “Нууц товчоон”-ы нууцсыг нээдэг нэг сайн эрдэмтнээрээ улс монгол дутаж хоцорлоо. Буриад баавай, басгадын хэл аялгуунд ийн өгүүлдэг, тийн тэмдэглэдэг, ойрадад ингэж огцомшдог, өвөрлөгчдөд чингэж тагнайшуулдаг хэмээн, энэрэлт эцэг хүний паргиадуухан дуугаар энгүүн намуун өгүүлж, барин тавин баталж нотлох өтгөс эрдэмтнээр эх орон минь онгойж, ханхайж үлдлээ...
Манай ангийн багшийн туулсан, туурвисан оюуны гэрэлт болоод хувь хүний нь эгэл мөртлөөн эрчимлэг амьдралыг хамгийн товчоор томьёолоход “Даруу эрчис” амтлагдана. Номун хүчин, зөөлөн нь хатууг элээн тамирдуулахын тийм ялгуусан хүчин эрчислэнэм ээ. Голын ус ёроолын чулуугаа элээж мөлийлгөх лүгээ адил, мунхрал тачаалын шуурганд уруудан туугдагсдын жолоо цулбуургүй туйлшралыг сөрж зогсдог энэ хүчин, цогт дээд номын сахиусны эрчим хуйлрал буюу.
Бидний багш, миний хэлэхээр, зүгээр л “Ангийн багш” гэхэд даанч онох, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багштан Гончигийн Гантогтох бол энэ цагийн монгол бичгийн, гарын хуруунд багтам, чадалтай багш нарын нэгэн. Тэнгэр болсон хүнд маань мэгзэм, ном буян хэрэгтэй ч бол хоосон үгээр зуйрч яахин зохих. Га багш маань торгон дээр бийр бэхээр урлах авьяас ухааныг эзэгнэсэн цөөн билигтний нэг, эрдмийн ажил болоод эгэл оюутанд зориулсан аль л ном туурвилаа монгол бичиг, түүнээс үндэс эштэй тод үсэг, Вагиндра бичиг, буриад, ойрад... дурын аялгууны баримтаар цээжнээсээ ундруулан, мутраараа сийлэн бичиглэдэг авьяас эрдмийн уран дархан байлаав шүү.
Тугаархан л та минь төр түмэндээ үнсүүлж, долдугаар сарын есний өдөр даян монгол түмний их цэнгэл баярыг түүчээлэн төрийнхөө ордон харшаас тэргүүндээ өндөр оройтой малгайгаа залж, өргөн эмжээртэй буриад халбан дээлэн дээр алтан соёмбот тэмдгээ гялалзуулан, өнөөх л насны, ясны чанар болох даруухан төрхөөрөө инээмсэглэн намайн гарч ирж түмэн олноо бүчүүлэн байсан бус уу. Таныг маань ужиг өвчин олсноос эхлэн цаг үргэлжид зовохдоо хамт зовж, инээхдээ цуг инээж ирсэн халамжит ижил тань, бор дүрхэн хэдэн хүүхдүүд тань улсын баярын дараа төрсөн өдрийг тань ёслохоор дотоод гадаадад битүүхэн бэлдэж байсныг сонсоод амьсгалын хөндий чийгтэж суулаа...
Үүлт хөх тэнгэр, үндэст эх газартай тэнд л мэндэлж, хүмүүний хорвоод монгол эх орондоо заяаж ирснээ тунхагласан тоонот нютаг-Дашбалбар сумынхаа түүхэн судрыг тань гүйцээн баринтаглах эрдэмт үр танд маань буй билээ. Тоонот нутгийнхаа луут тэнгэрийг аргадуулж, лустай овоог нь тахиулах голомт залгасан хүүтэй хүн билээ, та маань.
“Монгол бичиг юүгээн мандуулахын учирт, төр, ард олны өдөр тутмын хэрэглээтэй бичиг болгохын төлөөх бэрх үйлстээ цөхрөлгүй, гутралгүй хичээх”-ийг захидаг асан таныхаа даалгаврыг мөхөс шавь нар нь насан туршаа үнэнчээр биелүүлэхээр махрах болно.
Ангийн багш таныг гавьяатын алдраа мялаахад, их сургуулийн цорын ганц дааж төгсгөсөн шавь нар нь хэмээх эрхэм ондоошлын эзэд болсон ерэн долоон оны төгсөгчид бид нь танаараа бахархан даган баясаж, бас багшийнхаа л буянаар, хорь илүү жилд тохиогоогүй ангийн уулзалтаа тэрхүү бэлгэт сайн өдөр албан ёсоор зохион байгуулж, оюутан аху цагийн бахархам агаад мартагдашгүй түүхээ сэргээж, эв эеийнхээ хүчийг томсон билээ. Цаг хугацааны аян жин алсрах ч багш минь мэнд асан, тиймдээ анги маань элэг бүтэн асан энэхүү түүхэн үйл явдал улам тодрон дурсагдсаар байх болно оо.
Түмэн цэцгээ дэлхэж дэвсэн, эрдмийн хүмүүнээ эх сайхан орон минь эрдэнэт хэвлийгээ зөөллөж тоссон өдөр зуны дунд сарын шинийн наймны буяны хотол чуулган дэлгэрсэн хэшигт өдөр таарсан байлаа. Нэг сайхан эрдэмтэн буурлаа алдсан гэр бүл нь байтугай эх нутаг, орон дэлхий минь өмөрч уймран, элэг энэлэн байна уу даа гэлтэй зөөлөн бороо үе үехэн намиж мэлмэрээд, чих сонорт маань тарни шивших мэт зөөл зөөлхөн дусал нь анирлан, аргадан бууж байлаа.
Б. Элбэгзаяа
2019. 06. 11