УИХ энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээр болсон. Олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр энэ талаар хэлэхдээ “Бүлгийн хуралд оролцсон гишүүд бараг 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн. Гэхдээ гишүүд 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг авна гэж заасныхаа дагуу хэлэлцэх ёстой гэдгийг хэлсэн. Үүний дагуу төслөө хэлэлцээд ард түмний саналаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр энэ процесс бараг ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэхээр байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг дөрвөн хуулиар зохицуулагддаг.
1. Үндсэн хууль
2. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль
3. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль
4. Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэсэн дөрвөн хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр хаврын чуулганаар Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж амжихгүй болчихож байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэж эхлээд үргэлжлүүлээд ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага үүсч байна. Ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй, зөвхөн УИХ өөрөө хэлэлцэхэд л долдугаар сарын 25 хүргэхээр байгаа. Ард нийтийн санал асуулга явуулбал, аравдугаар сар гарна” гэсэн юм. Улмаар ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад ямар хугацаа зарцуулахыг дараах байдлаар төлөвлөжээ.
