БНХАУ даяар эхэлж буй их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын үеэр томоохон хотуудад сурагчдын аюулгүй байдлыг хангах тусгай арга хэмжээг авахаар болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээс үзвэл шалгалтын үеэр нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа автобус, машины дуут дохио дуугаргахыг хориглож буй аж.
Бээжин хотод л гэхэд шалгалт өгөх 89 цэг рүү тусгай чиглэлийн автобус гаргаж, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад үйлчлэхээр болсныг тус хотын нийтийн тээврийн газраас мэдээлжээ. Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль сахиулагчид шалгалтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. Мөн сурагчдын анхаарлыг сарниулахгүйн тулд шалгалтын үеэр дуу чимээ гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа юм.
БНХАУ-д энэ жил 10 сая сурагч их, дээд сургуульд элсэн орох шалгалт өгөх юм байна.