Барилгын салбарт “чимээгүй аллага” үргэлжилсээр байх уу?

 “Рапид Архитектур Констаркшн” ХХК-ийн бариулж буй энэхүү 40 айлын орон сууцны барилгын 5 давхраас ажилтан нь унаж хүнд бэртжээ.

“Үйлдвэрлэлийн осол бол статистик биш эмгэнэл” хэмээн манай сайт сар гаруйн өмнө сануулан бичиж байв. Барилгын салбарын бүтээн байгуулалт ид эхэлж байсан учир ийн урьдчилан сэргийлж, сэдэв хөндсөн билээ. Харамсалтай нь барилгын компаниудын удирдлага, ХАБ хариуцсан мэргэжилтнүүдийн хариуцлагагүйгээс бүтээн байгуулалтын энэ том салбарт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ноцтой осол гарсаар байна.

Энэ хавар бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойшхи жишээ дурдахад дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах хайрганы үйлдвэрт ажиллаж байсан 24 настай залуу ковшины шанаганд дарагдан газар дээрээ амиа алдсан осол гарсан.

Мөн дөрөвдүгээр сард Хүүхдийн ордны хойд талын зам дээр явсан автомашины дээрээс асар том барилгын цементийн хэсэг унаж салхины шил, салоныг нь цөм цохьсон тохиолдол гарсан. Замын хажуугийн баригдаж буй барилга дээрээс уг цемент унасан байна. Хамгаалалтын торгүй барилгууд хүний амь насанд хүрэхэд бэлэн байгаагийн нэг жишээ энэ. Нийслэлд гарч буй нийт ослын 80 хувь нь өндрөөс унах, дээрээс юм унах тохиолдол байгаа нь жинхэнэ айдас хүйдэс юм.

Тухайлбал, “Хангай” хотхоны хойд талд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт  баригдаж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын барилга дээрээс тавдугаар сарын 19-нд тус барилгын дээврийн хэсэгт гүйцэтгэл хийж байсан 29 настай Г.Хүрэлсүх гэгч залуу унаж хүнд бэртсэн байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэж буй компани хөдөлмөрийн болоод хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй, хөдөлмөр аюулгүй байдлыг хангалгүй хямд зардлаар хүн ажиллуулж байгаад ийм осол гаргажээ. Таван давхар барилгаас унасан залуугийн  нурууны яс бяцарч хадуулсан, 10 хадаас нуруундаа зоолгож төмөр бэхэлгээтэй хэвтэрт байгаа аж. Түүний нугасны хальс 3 см задарсан бөгөөд хиймэл хальс оёсон байна. Гэтэл хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байхад энэхүү осол гарсан барилгын гүйцэтгэгч компанийнхан эргэж уулзсан ч аль болох аргалж, бултах, хариуцлагаас зугтах оролдлого хийж байгаа гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн хэлж байна.  

Дээрх осол гарсан барилгын захиалагч нь Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар, “Гэр хорооллын хөгжил” төсөл бол барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч компани нь “Рапид Архитектур Констаркшн” ХХК ажээ. Тус компанийн гүйцэтгэл хийж байсан барилгаас 2018 онд мөн хүн унаж хүнд бэртэж байжээ. Энэ тухай нийслэлийн барилгын салбарт гарсан ослын талаархи албан ёсны мэдээлэлд дурайж байна. Барилгын талбай дээр нь осол гарчихаад байхад компанийн удирдлагууд хариуцлагагүй хандсан, хохирогчид буруу өгөх гэж оролдсон, мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь очих байтугай хэвлэлийн мэдээнээс уг ослын талаар сонссон гэдэг тайлбар хийж суусан гэдгийг ч хохирогчийн ар гэрийнхэн хэлж байгаа юм.  

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны таван давхар барилга дээр ажиллаж байсан залуу энд унаж бэртжээ.

Өнгөрсөн онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман тохиолдол нь өндрөөс кран унасан осол байсан бөгөөд эдгээр ослын улмаас найман хүн амь насаа алджээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн 3 жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа байна. 

Аж ахуйн нэгж, байгууллагууд барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангахтай холбоотой урьдчилан сэргийлэх ажилд нийт төсвийнхөө 1.5 хувийг зориулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байгаа юм. Барилгын салбарын бүтээн байгуулалт идэвхжиж байгаатай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас дөрөвдүгээр сараас эхлэн хамгаалалтын тор хэрэглэх урьдчилан сэргийлэх аян зохион байгуулсан. Гэвч барилгын компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангахгүйгээр хөдөлмөрийн гэрээгүйгээр, мэргэжлийн бус түр ажилчид авч ажиллуулж, осол гаргах явдал давтагдсаар байгааг “Хангай” хотхоны барилга дээр гарсан харамсалтай ослоос харж болно.

Цаашид хүний амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, осол эндэл гаргасан барилгын компаниудыг олон нийтэд ил тод зарлан, тэднийг нууц хаацайлалгүйгээр хариуцлага тооцож, алдаа дутагдлаа давтан гаргасан бол бизнесийн нэр хүндэд нь халдах хүртэл шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол барилгын салбарт осол, аваар, золгүй тохиолдол гэдэг нэрийн дор “чимээгүй аллага” үргэлжилсээр байх нь. Жилд 8-10 хүн барилгын талбай дээр амь насаа алдсаар байх нь жирийн хэрэг гэж үү.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Удирдлага ч тэр ХАБ ч тэр хүн , хүн хүндээ хэнэггүй нэгний өмнөөс ял үүрч ,ажилгүй болж , цалингаа хасуулж , чадваргүйгээрээ дуудуулж байдаг адилхан л барилгын салбарын ажилтан. Үүнийг тэрлэгч эрхэмд хандаж хэлэхэд мянга мянган ХАБ-н ажилтан таныг ,таны хайртай хүмүүсийг хамгаалах гэж зүтгэж байдаг юм шүү . Аливаа мэргэжлийн жаргал зовлонг ойлгохгүй байж " Чимээгүй алуурчин"-аар нь дуудсанаараа юм ойлгох чадваргүй өрөвдмөөр нэгэн гэдгийг чинь ард түмэн бүгд ойлгоно бизээ. Үнэхээр эгдүүцэж байна. ХАБ-н ажилтанд цахилгааны, химийн бодисын , тоног төхөөрөмжийн , орчны эрүүл ахуйн , хөдөлмөрийн эрүүл ахуйн, өргөх тээвэрлэх механизмын зэрэг маш өргөн мэдлэг, цаашлаад харилцааны мэдрэмж , тухайн салбарын технологийн процессыг маш сайн мэдэж байх өндөр шаардлага ажлын шаардлагаар тулгардаг юм. Монголын нөхцөлд ХАБ-н ажилтныг үйлдвэрлэлийн ослын шалтгаанаар ажлаас халдаг, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг , багаар цалинжуулдаг, хэн дуртай нь алуурчнаар нь дуудаж байгаа нь үнэхээр хармсалтай. Сэтгүүлчид ҮЭ байгууллаа гээд ХАБЭА хангагдахгүй, адлагдаад байгаа ХАБ-н ажилтан ШУ-ны үндэслэлтэй мэргэжлийн хамгаалалт үзүүлдэг юм.

    0 0 Хариу бичих
  2. Барилга бол эрсдэлтэй салбар аюултай орчинд ажилладаг. Барилгын ослын шалтгааныг судалж үзэх л хэрэгтэй. Бүгдийг барьж байгаа компани руу чихэж болохгүй аллага ч гэх шиг хэн хүн алая гэж барилга барих вэ дээ. Манайд барилгын мэргэжлийн ажилтан угаасаа цөөхөн хүрэлцээгүй, барилгын талбай том учраас хөдөлмөр хамгаалалын мэргэжилтэн ажилтан болгоныг дагаж хянах боломжгүй. Манай монголчууд аюулгүй ажиллагааг сахиж ажиллах дургүй хэнэггүй нь дэндсэн, адгийн наад зах нь каскаа ч бүчлээд өмсчдөггүй ийм гарууд байдаг. Хувь хүний хүчин зүйлээс их зүйл шалтгаалдаг. Хүний болгоомжгүй үйлдлээс осол голду гардаг юм. Хэн нэг нь барилга барих ёстой биз дээ аюултай гээд машин барихаа хэн ч л болихгүй байгаа биз дээ үүнтэй л адил. Авто ослоор өдөрт бараг 2 хүн үхэж байгаа биздээ. Гадаад ч барилга дээр хүн үхдэг. Зарим бүтээн байгуулалт хүний хүүрэн дээр боссон байдагийн.Багасгах ёстой гэвэл ёстой энэ таоаас ажиллах л хэрэгтэй. Хэчнээн аюулгүй ажиллагаа сахиж ажилласан ч осол гарах магадлал байсаар л байна.

    0 0 Хариу бичих