УИХ дахь Ардчилсан намын зөвлөл эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан саналаа нэгтгэж, сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийг үнэмлэхүй олонхоороо хүч түрж шийдэх асуудал биш. Өөрчлөх шаардлага бий юү гэвэл байгаа. Гэхдээ Ард нийтийн санал асуулга явуулж байж Үндсэн хуулийг батлах ёстой. Үндсэн хуульд орж байгаа үг, өгүүлбэр, цэг таслал бүрийг бид хянана. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ажлын хэсэгт АН-ын зөвлөл шаардлага тавина. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт сөрөг хүчний оролцоогүйгээр батлагдах гээд байна. Бидэнд ардчилсан шинэ Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчилчих вий гэх болгоомжлол байна” гэлээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар санал солилцжээ. ОУПХ-ны удирдлагуудад энэ асуудлаар тэд хандаж, уулзсан байна. Энэ тухай Д.Эрдэнэбат “Бид энэ хэргийг зөв, шударга илрүүлж, улстөржүүлэхгүйгээр илрүүлээсэй гэж хүсч байгаа. С.Зориг агсны амь насаа алдсан хэргээр эрх баригчид олон удаа улстөржүүлж, сонгууль хийсэн. Ирэх жилийн сонгуулиар дахин ашиглах вий гэх болгоомжлол байна. Г.Батхүү агсны хэрэг өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд явж байгаа ч мэдээлэл нь битүү. Энэ хэрэг дахин нотлогдохгүй нөхцөл байдал руу орчих вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс бид энэ байр сууриа ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан. Нөхцөл байдлыг зөв тогтоох, үнэн мөнийг олох нь АН-ын үүрэг учраас энэ асуудалд хамтран ажиллах чиглэлээр анхаарал тавьж ажиллана” гэсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох хүсэлтээ өгөхөө илэрхийллээ. Албан ёсоор танайд хандсан уу?

-О.Баасанхүү гишүүнтэй өмнө нь албан бусаар АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах талаар ярилцсан нь үнэн. Одоогоор хувь гишүүний эсвэл намаа төлөөлж хүсэлт тавьж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байгаа.

-Үндсэн хууль хэлэлцэх үеэр АН ажлын хэсэгт орох уу. Үндсэн хууль хэлэлцээд эхэлбэл ээлжит бус чуулган зарлаж магадгүй байна?

-Биднийг албан ёсоор ажлын хэсэгт орох уу гэсэн санал ирээгүй байна. Энэ Баасан гаригт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ мөчөөс эхлэн цаашид өөр асуудал хэлэлцэхгүй гэж ойлгож байгаа.