Казахстанд өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт явагдаж, одоогийн удирдагч Касым Жомарт Токаев ялалт байгуулжээ. Тэрээр 70 хувийн санал буюу хангалттай санал цуглуулсан ч иргэд санал хураалтын үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Эсэргүүцэгчид сонгуулийг луйвардсан гэж үзэж байгаа бөгөөд үр дүнг урьдчилан бэлгэсэн байсан гэцгээж байгаа юм.
Баривчилгаанд сэтгүүлчид олноороо өртжээ
Ням гаригийн орой нийслэл болон томоохон хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалыг эрх баригчид Үндсэн хуулийн бус гэж үзэн хүчээр дарсан байна. Энэ үеэр 500 гаруй хүнийг баривчилжээ.

Vesti.kg портал хуудаст мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дунд орон нутгийн сэтгүүлчид олон байгаа аж. Vlast.kz цахим сонины мэдээлснээр, тус цахим сонины оператор Екатерина Суворова, “Азаттык” сонины сэтгүүлч Петр Троценко, улс төр судлаач Димаш Альжанов нар мөн баригджээ.
Британийн иргэн, “Франс Пресс” агентлагийн сурвалжлагч Крис Реклтон мөн жагсаалыг сурвалжилж яваад баривчилгаанд өртсөн байна. Тэрээр Твиттер хуудсандаа өөрөө энэ талаар мэдээлжээ.
In a police van after being detained for carrying out my professional activities. Black eye sustained during a rough arrest. I fell on a policeman's knee and was not struck deliberately. My accreditation was taken from me. #Kazelection2019 pic.twitter.com/GV8F9nmEKm — Chris Rickleton (@ChrisRickleton) June 9, 2019
“Намайг мэргэжлийн ажлаа хийж явсны төлөө баривчиллаа. Нүдэн доорх хөхрөлт бол хүч хэрэглэсэн баривчилгааны үр дүн. Би цагдаагийн урд өвдгөөрөө сөхөрч унасан, гэхдээ намайг санаатай зодоогүй. Тэд миний итгэмжлэлийг хурааж авсан” хэмээн К.Риклтон бичжээ.
Интернэт, олон нийтийн сүлжээг хааж, хүчнийхэн бэлэн байдал зарлажээ
Сонгууль болохоос сар орчмын өмнө эрх баригчид дээр нэр дурдагдсан болон өөр хэд, хэдэн хэвлэлүүдийг шалтгаангүйгээр хаасныг eagle.mn тухайн үед нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ нь сонгуулийн үеэр явуулах ажиллагаагаа туршиж байсан болох нь одоо ойлгомжтой болж байна. Санал хураалтын өдөр Казахстанд интернэт хэсэгчлэн хаагдаж, нийгмийн сүлжээнд тодорхой хаягнуудаас хандах боломжгүй болсон байсан аж.

Эрх баригчид хориотой байгууллагад тооцдог “Казахстаны ардчилсан сонгууль” /"Демократический выбор Казахстана"/ байгууллагын удирдагч, өдгөө хилийн чанадад амьдарч буй Мухтар Аблязов санал хураалт явагдахын бүр өмнө сонгууль хууль бус болно тиймээс энэ сарын 9, 10-нд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлцгээе хэмээн уриалж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Казахстаны Дотоод хэргийн яам санал хураалтын өдөр хүний байгууллагуудыг онц байдалд оруулсан аж.
Сонголтгүй сонгууль
Казахстаныг ЗХУ-аас салан тусгаарлахад анхны ерөнхийлөгчөөр сонгогдож, уг албанд 30 шахам жил суусан Н.Назарбаев албан тушааласаа бууж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд зарласны дараа Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлагдсан юм. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд долоон хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс Н.Назарбаевын “Нур Отан” намаас нэр дэвшигч Касым Жомарт Токаев сонгогчдын 70 гаруй хувийн саналаар ялалт байгуулжээ.

Тэрээр Н.Назарбаевын гэр бүл болон түүний өөрийн гараар эмхлэн бий болгосон элит давхаргыг төлөөлж байгаа байгаа бөгөөд бүх талаар Н.Назарбаевын бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ тунхагласан нэгэн юм. Н.Назарбаев суудлаа орхих болсон шалтгаанаа “Улс орны тогтвортой байдлыг хангахын тулд” гэж тайлбарлаж байсан. Тэгвэл түүний хувьд тогтвортой байдал гэдэг нь засгийн эрхэнд өөрийнх нь гэр бүл болон тойрон хүрээлэгчид нь байнга байх явдал ажээ хэмээн олон улсын хэвлэлд бичиж байна. Казахстаны сонгууль сонголттой юм шиг боловч сонголтгүй явагдана гэдгийг өмнө нь ВВС болон бусад агентлагууд зөгнөн бичиж байсан нь ийнхүү үнэн болж таарав. Иргэдийн 70 хувийг сайн дураар нь өөртөө нэгтгэсэн нь үнэн бол олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарахгүй, баривчилгаа явуулах, хэвлэлийн эрх чөлөөнд халдах шаардлага үгүй байсан гэдгийг мэдээллийн агентлагууд онцолж байгаа юм.