Өнгөрсөн онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-д төрийн айлчлал хийхдээ Цагаан ордны хашаанд царс мод суулгаж байсан билээ. Хоёр орны найрамдалт харилцааг бэлгэдэн Цагаан ордны хашаанд суулгасан царс нь үхсэн гэдгийг дипломат эх сурвалжууд мэдээлсэн байна.

Уг царсыг Францын төрийн тэргүүн улсынхаа умард хэсгийн ойгоос тусгайлан авчирсан байжээ. Хоёр орны тэргүүнүүдийн өөрсдийн гараар суулгасан мод Цагаан ордны хашаанаас алга болсон тухай мэдээ цацагдахад Вашингтонд суугаа Францын элчин сайд Жерард Аро “АНУ-ын хуулинд заасны дагуу царс модыг хорио цээрийн үзлэгээр оруулж буй. Үзлэг дууссаны дараа модыг буцааж суулгана” гэсэн тайлбарыг твиттерээрээ дамжуулан мэдээлж байлаа.

Харамсалтай нь царс мод уг үзлэгийн үеэр үхсэн тул дахин суулгах боломжгүй болсон гэнэ.