Явуу Явуу гэвч Явуу хаанаас ч олдохгүй

1.

Яруу найраг, Явуухулан гэдэг хоёр нэр салшгүй хамт бичигдэж, ижил нэгэн утгатай мэт сонсогддог. Их Нацагдоржоос хойш Монголын яруу найрагт тодрон гарч ирсэн хамгийн том яруу найрагч бол Бэгзийн Явуухулан. XX зууны Монголын яруу найрагт нэгэн шинэ үзэгдэл болж, араасаа бүхэл бүтэн үеийг төрүүлж, уншигчдын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан уран бүтээлч түүнээс өөр байсангүй. Тиймээс Б.Явуухуланг дорнын их яруу найрагч, уянгын их дууч хэмээн өргөмжилдөг. Амьдарч байсан цаг үед нь ч, амгалан хутгийг олсноос нь хойш ч түүнийг магтан алдаршуулж, хүний гараар бүтээгүй хөшөөнд нь “үгийн будаг” түрхэгсэд дэндүү олон байв. Гэхдээ тэр нялуун үгийн будаг байтугай гашуун өгүүллийн суманд гудайшгүй суу алдрыг эзэгнэсэн юм.

Явуу алдар хүнд, атаа хорслын аль алинд тэргүүн бардам явжээ. Түүний тухай “

...Энэ шинэ зууны эрх дархат хөвүүн

Эрхэм найрагчийг атаа жөтөө базалж

Уянга болсон амьдралын алтан сайхан утас нь

Учир ээдрээт явдлын гүн дунд нь тасарчээ…” хэмээн төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж бичиж байв. Явуу, Нямдорж хоёр яруу найраг хийгээд амьдралын аль алинд адил нэгэн сэтгэлтэй, ижил нэгэн тавилантай явжээ гэж бодогддог юм. Ямар ч байсан Явуу найрагч сэрүүн тунгалагтаа “Яруу найраг яаж бичихийг би Нямдоржоос сурсан” хэмээн эрхэм нөхрөө үнэлж, Нямдорж найрагч Явууг “Энэ шинэ зууны эрх дархат хөвүүн” хэмээн өргөмжилж, нэг бус шүлгээ зориулжээ.

Явуу Явуу гэвч Явуу хаанаас ч олдохгүй

Явуулын хүнээс асуувч сураг чимээ дуулдахгүй... хэмээн Н.Нямдорж найрагч бичсэн юм.

2.

Багадаа Эвийхалаг хэмээн нэрлэгдэж асан айлын энхэр хүү 16 настайдаа Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд суралцжээ. Тэрээр Санхүүгийн техникумд өөрийн үе нас чацуутан Цэвэгмидийн Гайтавтай нэг ангид тохой нийлүүлэн сууж, тус сургуулийн дэргэдэх Утга зохиолын дугуйлангаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна.

Их найрагчийн нэрийн хувьд Эвийхалаг, Эвийхалан гэдэг нь хожим өгсөн нэр агаад анх Явахаланбуу хэмээх түвд нэрийг нутгийнх нь Ялгасан гэгээнтэн хайрласан ч гэдэг юм билээ. Анхны шүлгүүдийнхээ ард нэрээ бичихдээ Эвийхалаг гэдгийг тэр үеийн жишгээр Иванкалан хэмээн орос маягаар бичдэг байсан гэдэг. Үүнийг нь уншсан нэрт яруу найрагч Д.Сэнгээ “Чиний нэрийг уншигчид монгол хүнийх гэх үү, орос хүнийх гэх үү?” хэмээн шүүмжилсэнд тэрбээр өөрөө өөртөө Явуухулан гэсэн яруу сайхан нэрийг хайрлажээ.

Энэ үеийн тухай ардын уран зохиолч С.Эрдэнэ “1948 оны өвлийн эхээр нийслэлийн хоёрдугаар сургуулийн олон цонхтой нэгэн давхар дүнзэн байшингийн нэгэн том танхимд залуу зохиолчдын зөвлөлгөөн болов. Тэр зөвлөлгөөнд офицерын сургуулиас хожим нэртэй орчуулагч болсон Д.Аминдаваа, 1950-иад онд ихэд дэлгэрсэн дууны үг, ”Хүний ганц” роман бичсэн З.Сандагаа бид гурав оролцсон юм. Санхүүгийн техникумээс оролцсон Ц.Гайтав урт хар нэхий дээлтэй, Б.Иванкалан нэг янзгүй халхгар хавар намрын пальтотой аж. Б.Бааст гуай залуу зохиолчдын бүтээлийн тухай илтгэл тавьж “Төрсөн газар” гэдэг миний шүлгийг сайны жишээ болгон царгиа нарийн дуугаар уншлаа. Дараа нь үдэшлэг болж Ц.Гайтав, Б.Явуухулан бид “Залуу зохиолчдын цоморлиг” гэдэг будгийнх нь үнэр арилаагүй шинэ номд орсон шүлгүүдээсээ уншиж билээ...” хэмээн дурссан байдаг.

1950-иад он бол Явуугийн үеийнхний ид туурвин бүтээж байсан үе. Энэ л үед Б.Явуухулан олны сэтгэлд хоногшсон “Мөнгөн хазаарын чимээ”, ”Би чамд хайртай”, ”Хар-Ус нуурын шагшуурга”, ”Шөнийн танго”, ”Би хаана төрөө вэ?” зэрэг гайхамшигт шүлгүүдээ тэрлэж, түүний үе чацуутан Сэнгийн Эрдэнэ уянгын өгүүллэгүүдээ бичиж, Ц.Гайтав хурц дайчин, цоглог мөрүүдээ хэлхэж байлаа. Мөн тэднийг дагаад Д.Цэнд, Ц.Мөнх, Ц.Хасбаатар нарын галтай хурц шүүмжлэлүүд тэр үеийн сонин хэвлэлүүдээр гарч, олны хүртээл болж байсан юм. Тэр үеэс л Явууг гадаадын уншигчид өндөр үнэлэх болж, “Огонёк “сэтгүүлд Зөвлөлтийн яруу найрагч А.Софранов түүнийг анх удаа “дорнын их яруу найрагч” хэмээн бичсэн нь тийнхүү олноо өргөмжлөгдөх алдар нь болон түгжээ.

3.

Явуу найрагч хаврын тэргүүн сарын хуучдаар эхээс мэндэлжээ. Энэ нь гуравдугаар сарын 15 байсан аж. Найрагчийн мэндэлсэн энэ өдрийг эдүгээ Явуугийн өдөр-яруу найргийн баяр болгон тэмдэглэх болж. Монголын орчин үеийн яруу найрагт хавар мэт утга уянга авчирсан энэ найрагчийг нэгэн үеийн уран бүтээлч нөхөд хийгээд шавь нар нь “Миний Явуу” хэмээн элгэмсэг дотноор дурсдаг. Жил бүрийн хавар тэмдэглэдэг Явуугийн өдөр бидэнд Явуугийн эрин өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байгааг сануулдаг билээ. Явуу найрагчийн шавь нар багшийгаа тэнгэрт хальсны хойтон жилээс эхлэн Явуугийн өдрийг тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ нь жилээс жилд өргөжин тэлсээр буй юм. Түүнчлэн Явуу найрагчийн мэндэлсний тэгш ойг өргөн Монгол түмэн өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ.  Энэ жил дорнын их найрагчийн мэндэлсний 90 жилийн ой тохиож, Монголын зохиолчдын эвлэл, Завхан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар “Очирваанийн эгшиглэн” яруу найргийн наадмыг өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт, Явуугийн мэндэлсэн тоонот Ар амны Тасархайн бууцнаа өргөн дэлгэр зохион байгуулав.

Ингээд их найрагчийн ойд зориулан анд нөхөд, шавь нарынх нь дурсамжаас хүргэе.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Хуушаан: Явуугийн нэг сайхан чанар нь биеэ тоодоггүй, хэзээд даруу

-Явуу бид хоёр нэг өдөр төрсөн. Монголын уран зохиолд 1929 оныхон хэд хэд бий. Явуу бид хоёр нэг жилийн нэг өдөр төрснөөрөө онцлогтой. Бид нэг үеийн улс учраас багаасаа, залуу зандан наснаасаа үерхэж, нөхөрлөж явсан. Б.Явуухуланг 1950-иад оны эхнээс л мэддэг болсон юм. Би 1951 онд багшийн сургууль төгссөн. Энэ бол Ц.Гайтав, Б.Явуухулан нар ид уран бүтээлээ эхэлж байсан үе. Тэр үед бид радиогоор шүлэг зохиолоо унших зэргээр их тааралддаг байлаа.

Харин Б.Явуухуланг бүр сайн мэдэх болсон нь хойно сургуульд сурч байх үе юм. Бид хоёр Москвад хамт сурч байсан. Би Олон улсын харилцааны дээд сургуульд, Б.Явуухулан маань М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байв. Энд байхын танил байснаас гадна тэнд очоод бүр сайн дотно танилцсан. Б.Явуухулан хойно очсон жилээ Утга зохиолын дээд сургууль нь тусгай байр байгаагүй ч юм уу, Москвагийн Цахилгааны дээд сургуулийн байранд байсан юм. Тэр Цахилгааны дээд сургуульд миний найз Д.Мишигдорж сурч байлаа. Тэгээд би Явуу тэр хоёр дээр үргэлж очно. Тэд нар ч гэсэн манайхаар үргэлж ирдэг байв. Тэр үед Москвад монгол оюутнууд тун олон суралцдаг байлаа. Явуу нэгэн үеийн оюутнуудын дотроос хожим нэрт сэтгүүлч болсон Чойжилжавтай нэлээд дотно үерхдэг байсан.

-Явуухулан гуайг яруу найрагчийнх нь хувьд төдийгүй хүнийх нь хувьд сайн мэдэх хүний нэг нь таныг гэдэг юм билээ?

-Явуу маш даруу төлөв хүн. Бусдыг ямар нэгэн юманд өөнтөглөх, зөрөх, маргалдах тийм юм байхгүй. Их зөнгөөр, их тайван ийм л хүн байдаг байсан. Сүүлд төгсч ирснээсээ хойш манай хоёр гэр Дөчин мянгатад ойрхон байдаг байсан болохоор хагас сайн, бүтэн сайнд жаахан уйдвал Явуу манайхаар ороод ирдэг, би ч тэднийхээр очдог байлаа.

Сүүлд миний “Дэнжийн намар” яруу найргийн номыг Б.Явуухулан редакторлон гаргаж байсан. Явуу маань Зохиолчдын хороонд байхдаа надад их түшиг тулгуур болж байв. Түүнийг нас барснаас хойш жаахан ганцаардсан. М.Цэдэндорж маань надад нэлээд түшиг тулгуур болж байсан. Энэ хоёрыгоо өөд болсноос хойш өтөлсөн хойноо өнчрөв гэгч болж жаахан тиймэрхүү л байгаа. Явуу асар их авьяастай, өндөр боловсролтой яруу найрагч байснаас гадна түүний нэг онцлог чанар нь их хүнлэг. Их даруу төлөв, хүнд тусархаг, найзархаг сайхан зантай. Явуухулан бол үеийн үед үлдэх мөнхийн бүтээлтэй том яруу найрагч гэж найзыгаа хүндэтгэж явдаг юм.

-Явуухулан гуай нэгэнтээ “Тэмээн тоотой шүлгийг минь” гэж бичсэн байдаг. Шүлгээ их удаан бодож байж бичдэг байж ээ дээ?

-Тэрээр яруу найрагт их нямбай ханддаг. Юмаа их засдаг. Их олон дахин засна. Зүгээр хальт мөлт нэг амьсгаагаар биччихгүй. Их олон дахин бичнэ. Ёстой нэг уран дарханы ажил шиг. Дархан хүн нэг хээ угалзыг алт, мөнгөн дээр гаргахдаа яаж нарийн ажилладаг вэ, яг түүн шиг. Тэгээд нэг уншсан шүлгээ дараа нь шал өөр болгочихсон байж байна.

Их цэнэж, үгээ онож хэлдэг байсан. Их хөдөлмөрч хүн. Зарим хүн роман бичдэг улс бол их хөдөлмөрч, яруу найрагт бол нэг их хөдөлмөр гараад байх юу байдаг юм. Онгодоор нэг гялсхийгээд л биччихдэг юм гэж ярьдаг. Тэр бол тийм биш. Маш нарийн бодож, тунгааж хийвэл яруу найраг нөр их ажил шаарддаг. Б.Явуухулан бол шүлгэндээ үнэхээр нэн хариуцлагатай хандаж, өөрийнхөө авьяас билгийг түүндээ зориулж байсан. Явуугийн нэг сайхан чанар нь биеэ тоодоггүй, хэзээд даруу. Сайн яруу найрагч төдийгүй сайхан хүн байсан.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор Ц.Хасбаатар: Явуугийн нэр цаг улирах тусам улам тодорч байна.

-С.Эрдэнэ, Ц.Гайтав, Б.Явуухулан бид нэг үеийнхэн. Тэр гурав надаас нэг ах. Ц.Гайтавыг би сургууль төгссөнөөс нь хойш л мэднэ. 1950-иад онд би Улсын хэвлэлийн газар ерөнхий редактороор ажиллаж байлаа. Манай ажил дээр зохиолчид үргэлж ирдэг байсан даа.

Явуугийн “Цэнхэрмандалын тэнгэр дор”, ”Бидний хүсэл” зэрэг анхны номууд жаахан сулхан байсан. Тэгээд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсч ирээд авьяас билэг, онгод нь ёстой бадарсан даа. Их сайхан зохиолууд бичсэн. Торгон мэдрэмжтэй, монгол ахуй, ертөнц, зан заншлыг сайн мэддэг ийм яруу найрагч болж гарч ирсэн.

Явуугийн тухай олон сайхан дурсамж байна аа. Тавин хэдэн онд Их тэнгэрийн аманд нам, засгийн удирдагчид биднийг хүлээж авсан юм. Олон хүн уран зохиолын янз бүрийн сэдвээр илтгэл тавьсан. Тэгэхэд Б.Явуухулан яруу найргийн талаар, би шүүмжлэлийн талаар илтгэл тавив. Олон том дарга нар, бүх зохиолчид байсан. Бид хоёр хэн хэн нь олны өмнө үг хэлж үзээгүй болохоор их сандарсан санагддаг. Тэгээд хоёулаа илтгэл тавьсны дараа Явуу над дээр ирээд, “Чи бид хоёр л их барагтайхан ярих шив дээ, сандраад л…” гэж хэлж байсан юм.

Явууг гаднаас нь харахад тийм том яруу найрагч, зөөлөн мяндаслаг, торгон мэдрэмжтэй хүн гэж хэлмээргүй. Нэг барайсан, их тийм “серёзный” хүн байсан юм шүү дээ. Гэтэл шүлгүүд нь шал ондоо, их нарийн. Гадаадынхан манай Явуугийн шүлэг зохиолыг их үнэлдэг байсан. “Огонёк” сэтгүүлд А.Софранов Б.Явуухуланг “Дорнын их яруу найрагч” гэж бичсэн. Түүнийг нь би нэг өгүүлэлдээ эш татсан юм. Түүнээс хойш Явууг Дорнын их яруу найрагч гэж нэрлэх болсон.

Би нэг удаа Мерзу Турсун Заданы ойгоор Тажикстанд очлоо. Тэгээд тэндхийн гадаад уран зохиолын номын санд орж, монголоор хэвлэгдсэн зохиол сурагласан юм. Номын сангийн эрхлэгч “Би одоохон, аравхан минутын дараа авчирч өгье” гэсэн. Тэгээд Б.Явуухулан орчуулж, Д.Гомбожавын редакторласан “Тэрэгчин Хасаан” гэдэг номыг аваад ирсэн. Би тэнд байсан олон зохиолчдод “Миний хоёр найз үүнийг орчуулж гаргасан юм аа” гэж бахархаж байсан. Яг тэр үед би Тажикстанд Словакийн яруу найрагч Чеж Маектай уулзсан юм. Тэрбээр “Би дөнгөж сая Б.Явуухулангийн шүлгүүдийг орчууллаа. Б.Явуухуланд баяр хүргээрэй” гэж байсан. Энэ мэтээр Явуугийн тухай гадаад, дотоодод дурсч ярьж байхыг олон удаа сонссон.

Би мартдаггүй юм. Нэгэн удаагийн олон улсын шүүмжлэгчдийн хурлын завсарлагаар Явуу намайг буфетэнд дуудлаа. Тэр үед Явуу АИХ-ын депутат, Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга байсан л даа. Буфетнаас архи авч намайг дайлаад, бид хоёр нэлээд юм ярьсан. Орой нь Явуугийнд очлоо. Тэрээр надад гадаадад хэвлэгдсэн шүлгийнхээ түүврүүдийг үзүүлж билээ. Чехословак, Орос гээд олон хэлээр гарсан номууд байв. Явуу Рыма Казаковатай их найз байсан л даа. Надад Рыма Казаковагийн орчуулсан шүлгүүдийг үзүүлсэн. Тэр орой доктор С.Лувсанвандан, Д.Чимиддорж бид хэд их удаан ярьж суусан даа. Энэ бидний уулзсан хамгийн сүүлчийн орой байсныг мэдээгүй. Маргааш нь байна уу, нөгөөдөр нь байна уу С.Эрдэнэ утасдан, “Явуу маань өнгөрчихлөө” гэдэг харуусалт мэдээг дуулгасан. Явуугийн нэр цаг улирах тусам улам тодорч байна. Энэ бол жинхэнэ авьяастай хүний шинж чанар.

Төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Сүрэнжав: Мөнгөн хазаарын чимээ биднийг сэрээсэн

-Бидний багш, шавь болсон нь бас нэг ариун барилдлага юм. Явуу анх “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгчээр ажиллаж байсан. Тэр үеийн хэл ярианы үзүүрт яруу найргийн талаар ч бий, янаг амрагийн талаар ч бий, янз бүрийн юм болж, сонины эрхлэгчээ больж Зохиолчдын хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр ирсэн нь бидний хувь заяаны замыг засч өгсөн их таатай явдал болсон юм.

Тэрбээр хамгийн эхлээд урьд нь сонсогдож байгаагүй утга зохиолын нэгдэл гэдгийг бий болгосон. Энэ нэгдэлд орж Явуугийн ширээг тохойлдон шүлгээ унших хувь П.Бадарч, П.Пүрэвсүрэн, Д.Шагдарсүрэн, Ш.Дулмаа бидэнд оногдсон. Р.Чойном бас алдаг оног ирдэг байв. Хошин шогийн И.Цэрэнжамц бас тэр нэгдэлд байсан юм шүү дээ. Явуу их шинэлэг. Яруу найрагчаас гадна зохион байгуулах авьяасаа харуулсан. Утга зохиолын нэгдэл ажиллуулаад, уран зохиолын талаар семинар хийж бидний бүтээлийг хэлэлцэж байснаас гадна залуу зохиолчдын анхны номын, анхны түүврийн уралдаан гэдгийг ч анх зарласан. Урьд нь ийм зүйл байгаагүй.

Анхны номын уралдаанд 117 түүвэр ирсэн. Тэднийг нь нарийн бичгийн дарга нар цөм хувааж авч уншсан гэдэг. Миний ном лав С.Дашдэндэв гуайд таарсан сураг байсан. Тэгж тэгж гурван ном гарахад П.Пүрэвсүрэн, Жамцын Шагдар бид гурвын ном шалгарч, нэгдүгээр байрыг Жамцын Шагдар “Уулсын цаана уулс” номоороо эзэлж, хоёрдугаар байрт миний “Шөнө ургасан цэцэг” ном, гуравдугаарт П.Пүрэвсүрэнгийн “Хүний тухай дууль” ном орсон. Үүнийг сонсоод бид гурав тэр шөнө нойр хүрдэггүй. Хэвлэх үйлдвэрийн жижүүр дээр очин, загнуулж байж нэг сонины тасархайнаас нэрээ олж үзээд сэтгэл амарч, шөнөжин хотоор яваад Р.Чойномынд очиж номын баяраа тэмдэглэж байсан юм.

Өөр гурав дахь том юм нь Явуу багш санаачлан 1964 оны зун долдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбай дээр яруу найргийн баяр хийсэн. Яруу найргийн баяр гэдгийг урьд нь ерөөсөө хийж байгаагүй. Элдэв уран зохиолын чуулган энэ тэр л байсан. Тэр баярыг их сүр жавхаатай хийж билээ. Түүний өмнө туршилт болгож нэг яруу найргийн уншлага зохион байгуулсан юм. Тайзыг нь шилэн үзэсгэлэнгийн залгаа барьсан байшингийн дээвэр дээр засчихсан. Тэр тайзан дээрээс бид шүлгээ уншсан юм даг. Тэгэхэд их олон хүн цугларсан. Тэгээд урамшсан байх, дараа нь Сүхбаатарын талбай дээр талбайн цэцэрлэгийн хойд талд машины тэвшин дээр хойш нь харуулаад том тавцан зассан. Талбай дүүрэн хүн цуглачихсан шүлэг сонсч, их олон дахиулж, уран бүтээлийн тухай санал асуух хайрцаг аялуулж байсан юм. 1964 оны “Утга зохиол” сонины хайчилбар одоо ч надад хадгалагдаж байна. Үүнээс тэр яруу найргийн баярын тухай уншиж болно. Ямар зохиол сонирхол татаж байна гэхэд С.Эрдэнийн өгүүллэгүүд, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ч.Лодойдамбын зохиолууд таалагдаж байна гээд тэгээд өчүүхэн миний нэр дурдагдсан байсанд тэр цагтаа их л урамшин баярлаж байсан юм.

Явуу дандаа бидний толгойг илээд байгаагүй. Бут ниргэдэг байсан. Нэг удаа Явуу, Ч.Лхамсүрэн гуай хоёрт би их овоо гэгдсэн шүлгүүдээ уншсан юм. Тэд шүлгийг минь уншуулж байснаа үдийн завсарлага боллоо гээд яваад өгсөн. Завсарлаж ирээд миний шүлгүүдийг ёстой бут ниргэсэн. Их олон сайхан санаанууд нэг дор, нэг шүлгэнд давхцаж бие биеэ цохиж байна. Үгийн нүдийг олж хэлэх талаар дутагдалтай байна. Уран саналгыг гаргаж нэг цэгцтэй, нэг шугамаа дагаж шүлгийн санааг илэрхийлэх талаар анхаарах хэрэгтэй гээд л шүүмжилсэн. Би урьд нь тийм юм сонсч байгаагүй юм чинь цочирдоод, ер нь шүлэг бичихээ болино гэж хэлж байсан. Гэхдээ дуртай юм гэдэг чинь хүчтэй байдаг. Сар гаруйн дараа л би чинь бичиж эхлэхээр барахгүй Хэнтий аймгийн Баянхутаг суманд очоод л асгарсан олон шүлэг бичсэн. Тэр дэвтэрт их шинэлэг шүлгүүд орсон. Ирээд тэр халуун илчээр нэлээд зүрхлээд Явуу багшид шүлгээ уншсан чинь “Ой мод” гэдэг шүлгийг их тоогоод “Би чамаар ийм л юм хийлгэх гэсэн юм шүү дээ. Их сайн байна. Гэхдээ чи их сайхан сэдэв, санаа олоод дутуу боловсруулсан байна. Би чамд гүйцэд боловсруулахын жишээг үзүүлнэ“ гээд яг адил “Ой мод” нэртэй шүлэг бичээд, миний шүлгийн мөрүүд дотор нь байдаг ч гэсэн өөрөө их гүнзгийрүүлж задалж сайхан бичсэн. Шүлгийн соёл гэж байдаг. Тийм учраас дараа нь амьд сэрүүндээ хэвлүүлсэн бүх номдоо тэр “Ой мод” гэдэг шүлгээ оруулахдаа дандаа “Ш.Сүрэнжавт зориулав” гэж бичиж байсан. Энэ бол цаанаа их ухаан. Ийм жижиг юм шиг мөртлөө цаагуураа задлаад бодвол гүнзгий юм олон.

Явуу бидэнд хамгийн гол нь юу өгсөн бэ гэхээр яруу найраг гэдэг бол жинхэнэ хүний ариун сэтгэл, яруу сайхан сэтгэлгээний юм байдаг гэдгийг ойлгуулсан. Үгийн эстетик алдахыг Явуу тэвчдэггүй байв. Ер нь гоо зүй, шүлгийн гоо зүй гэдгийг бидэнд маш нарийн ойлгуулсан. Үгийн мэдрэмж, үгийн нүдийг олох, үг өөрөө өнгөтэй, гэрэлтэй, хөгжимтэй байдаг гэдгийг ч мэдрүүлсэн. Яруу найраг гэдгийг яруу сэтгэлгээний үүднээс, ариусал яруусалтай бичихэд сургасан учраас би энэ зарчмаасаа ухардаггүй. Эстетикийн алдаа хийсэн шүлгийг одоо болтол хүлээж авдаггүй минь Явуу багшийн хүмүүжил юм. Буруу ч юманд сургаагүй гэж би боддог. Явуу өөрөө Мерзу Турсун Заданы “Тэрэгчин Хасаан” гээд том найраглал, олон шүлгийг орчуулж, эхэндээ их эрэмгий ажилласан. “Мөнгөн хазаарын чимээ” бол цоо шинэ ном. Энэ л мөнгөн хазаарын чимээ биднийг сэрээсэн юм. Бид Явуутайгаа цуг өсч өндийсөн. Тэрбээр М.Горькийн сургууль төгссөн хоёр дахь хүн байсныхаа хувьд бидний нүдийг нээж өгсөн гэж боддог.

1960-аад оны дууны үг бүгд Б.Явуухулангийн гараар орсон. Их нарийн шаардлага тавьдаг байсан учраас тэр үеийн дууны яруу найргийн жигүүр их хүчтэй тэлж, ая үг тэнцэж ирсний нэг нууц нь эндээ байгаа юм. Явууг мартахын аргагүй. Нарийн нандин юм бий. Явуу бол цагаасаа өмнө харамсалтай буцсан боловч өнөөдөр яруу найргаараа бидний дунд байж байгаагийн шид нууцыг нээх гэвэл их олон зүйлийг ярьж болно. Би зөвхөн сэжүүр захаас нь хөндөхөд л ийм байна.

Зөвлөлтийн нэрт яруу найрагч Лев Ошанин: Б.Явуухулан бол суу билэгт ард түмнийхээ нэр төрд эн тэнцэх хүү нь байв

Б.Явуухулангийн уран бүтээлийн багш Зөвлөлтийн нэрт яруу найрагч Лев Ошанин шавийнхаа тухай “Би өөрийнхөө анхны монгол шавь Бэгзийн Явуухуланг үүрд дурсч явдаг юм. Тэрбээр манай Утга зохиолын дээд сургуулийг ёстой л гал бадруулан төгссөн дөө. Ямар их боловсролтой, юмыг ямар их бясалган гүн боддог байсан нь миний бишрэлийг төрүүлдэг байлаа. Тэр үед би үүнийг ганцхан тэр хүний гоц авьяас гэж боддог байв. Гэтэл Б.Явуухулан бол суу билэгт ард түмнийхээ нэр төрд эн тэнцэх нэг хүү нь байж гэдгийг одоо л ойлгож байна” хэмээн дурссан байдаг. Энэ бол Б.Явуухулангийн багшийн сэтгэлийн үг төдийгүй дорно дахины их яруу найрагчийн дэлхийн энтэй бүтээлд өгсөн үнэлэлт юм.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун: Намын үүрийн хурал Явуу багшид цохилт болсон

-Явуу багш бол их сайхан хүн байсан. Тэр сайхан нь юугаар илэрдэг вэ гэхээр өөрөө гэртээ ч, ажил дээрээ ч их сайхан дөлгөөн, тайван хүн. Явуу багшийнд би амьдарч байлаа. Гэртээ их сайхан хоол унд хийдэг. Өглөө маш эрт босдог. Тэр гэрт Явуу багш бид хоёр л өглөө эрт босно доо. Намайг босоход л Явуу багш босчихсон байдаг. Тэгээд цай чанаад байж байна. Маш сайхан аарц буцалгадаг. Бид хоёр хоёулаа аарц буцалгаж уух дуртай. Явуу багшийнд нэг зандан иштэй заазуур байдаг байсан. Тэр нь Энэтхэгээс авчирсан заазуур. Нэг өдөр тагтан дээр нь гарч аарц хагалж байгаад заазуураа унагаад бариулыг нь сэтэлчихээд, түүндээ их гэмшиж байлаа. Тэднийд байхдаа нэг хийсэн хэрэг гэвэл энэ.

Явуу багш бол ерөөсөө хүн загнадаггүй хүн л дээ. Намайг загнаагүй. Тэр мэтчилэн олон сайхан дурсамж бий. Ж.Адьяа гуай бол их сайхан хүн. Инээгээд л сууж байдаг. Явуу багшийг “Аав” гэж дууддаг, багш болохоор “Манай ээж” гэж ярьдаг. Хүү Я.Амар нь хөөрхөн хар нүдтэй, оготор хамартай хүү байлаа л даа. Бид жижиг өрөөнд нь байхад хааяа гэртээ гоё боов энэ тэр авчрахаар хорхой нь хүрдэг юм шиг байгаа юм. Тэгээд “Дундаа бор юмтой боовноос чинь байна уу?” гэж зурвас бичээд хаалган доогуур шургуулж биднийг хөхрөлдүүлж байсан. Бас нэг дурсах юм гэвэл Явуу багшийнд байхад манай охин төрөөд хэн гэдэг нэр өгөх вэ гэдэг асуудал гарч ирэв ээ. Ингээд янз бүрийн нэр санал болгоод л... Манай Булган аймгийн Ховгор Шагдар гэж сайн яруу найрагч, мундаг сэтгүүлч байсан юм. Тэр хүн Ханд чин ван, Дорж гэдэг нэрийг оролцуулж нэр өгье гээд. Тэгээд хассаар байгаад Чинханд гэдэг нэрэн дээр тогтоод байж байтал Явуу багш Ванчинханд гэж нэр өгье гэсэн. Тэр үед нэрнээс болж янз бүрийн асуудал гардаг байсан болохоор бас Ван гэдэг нэр залгавал юу болох сон бол гээд Ван гэдэг нь хасагдсан. Ингэж миний охин Явуу багшийн гэрт Чинханд гэдэг нэрийг авч байсан юм.

Явуу багш миний номонд их зөвлөгөө өгсөн. Нарийн мэдрэмжтэй, нэг болохгүй үг байхад л олж хардаг. Гэхдээ хэзээ ч өөрөө оронд нь үг бичдэггүй. Энэ үг болохгүй байх шиг байна. Үүнийг солимоор байна гэж хэлдэг. Ийм хүн байсан. Өөрөө бол их цөөн шүлэг бичдэг. Өглөө эрт босчихоод бичгийнхээ машин дээр шүлгээ цохиж байдаг. Тэгээд нэг мөр тавьчихаад олон хоног бичихгүй байх нь олонтаа. Тэгж нэг мөр шүлгээ их олон хоног бодож байж бичдэг байсан. Отгонтэнгэрийн тухай шүлэг нь тэгж төрж байсан. Ийм намтар түүхийг би мэдэх юм даа.

Хамгийн сүүлд Явуу багшийг Зохиолчдын хорооны намын үүрийн хурлаар авч хэлэлцэн, их олон зүйлээр ялласан. Тэгэхэд багш архи дарс уухаа больчихсон байсан. Хүн муу хэлдэггүй, өөрөө ч зэмлэл сонсч үзээгүй хүн чинь нэлээд сэтгэл нь эмтэрсэн. Тэгээд жаахан юм уусан шиг байгаа юм. Тэрнээсээ болоод зүрхний шигдээс гэдэг өвчнөөр өөд болсон. Өөд болоход нь дуулаад л гэрт нь гүйгээд очсон. Багшийг хоёрдугаар эмнэлэг дээр очсон чинь эмнэлэгийнхэн үзээд “Танд үхэх өвчин алга байна” гээд эмч нар нь хөхрөлдөж байсан гэнэ л дээ. Гэтэл багш нэг л базаахгүй, зүрхээ дараад байсан гэнэ. Авгай нь өөрөө эмч хүн шүү дээ. Энэ хүн нэг л болохгүй байна аа гэсэн чинь зүрхний бичлэг хийсэн гэж байгаа юм. Тэгсэн чинь эвдэрхий аппарат таарсан гэсэн. Тийм учраас өвчнийг нь оношлож чадаагүй. Тэгээд орой нь нас барсан.

Яруу найрагч Ч.Дамдиндорж: Би Явуу багшийн отгон шавь гэдгээрээ бахархдаг

-Энэ агуу хүний хайр ивээлийг хүртэж, отгон шавь нь болох сайхан учрал тохиосон юм. 1981 оны эхээр санагдаж байна. Манай дүү В.Мөнхбат намайг нэг дууны үг бичиж өгөөч ээ гэж хүссэн. Би нэг дууны үг бичээд Явуу багш дээр очлоо. Би Явууг танихгүй, Явуу ч намайг танихгүй. Тэгсэн миний бичсэнийг үзчихээд “Үгүй чи хаанаас гараад ирдэг, хаашаа хүн байдаг юм. Чиний бичсэн юм чинь их хэлбэржсэн, ер нь чи яруу найргийн хүн л байна шүү дээ. Хаана ажилладаг вэ” гэсэн. Тэгэхэд би ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийдэг байлаа. Тэгээд Явуу багш “Чамд бичсэн юм байвал аваад хүрээд ир. Чиний юмыг үзье” гэсэн. Хэдэн шүлэг аваад очсон.

Тэр үед “Цог” сэтгүүлийн “Оч” булан гэж байлаа. 1981 оны “Цог” сэтгүүлийн гуравдугаарт миний шүлгүүд хэвлэгдэж, тавдугаарт нь Данзангийн Нямсүрэнгийн шүлгүүд, зургадугаарт нь Данзангийн Нямаагийн шүлгүүд хэвлэгдэж бид гурав нэгэн жил “төрж” байсан юм. Данзангийн Нямсүрэн бид нэг багшийн гараар орж, шүлгүүд маань нэг хүний оршил үгтэй олонд танил болж байсан.

Явуу багш надад их санаа тавьдаг байсан. Миний шүлгүүдийн гар бичмэлүүд бий л дээ. Шүлгийг яаж бичих ёстой юм бэ. Яаж бодох хэрэгтэй юм бэ. Шүлэг гэдэг ер нь юу юм бэ. Үгийг хэрхэн сонгох хэрэгтэй вэ гэдгийг Явуу багшаас сурсан. Надад их юм өгсөн. Би Явуу багшийг ямагт хүндэлж явдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)