Түүхэн зураг: Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдсэн зураг

АНУ-ын Ерөнхийлөгч болох маш өндөр магадлалтай байсан ч зарим нэг болчимгүй үйлдлээсээ болоод мужийн захирагч хэвээр үлдсэн нэгэн эрийн зургийг та бүхэн харж байна.

1988 оны сонгуульд БНН-аас Жорж Буш өрсөлдөх нь бараг тодорхой болсон байлаа. Харин Ардчилсан нам дотор Гэри Харт, Майкл Дукакис, Жо Байден, Эль Гор гээд ирээдүйтэй залуус “язганалдаж” байв. Эднээс Гэри Хартыг нэр дэвших хамгийн магадлалтай гэж тооцож байжээ. Гэтэл бүх зүйл эсрэгээр эргэж, Майкл Дукакис гол хүн болох нь тэр. Гэри Харт тухайн үедээ нэрд гарч байсан загвар өмсөгч бүсгүйтэй /эхнэр нь биш/ Monkey Business хэмээн тансаг хөлөг дээр жаргаж яваад папараццид баригдсанаар Массачусетсын мэр Майкл Дукакис Ерөнхийлөгчийн өрсөлдөгч болж хувирчээ. Нэр цэвэр гэдгээрээ иргэдийн итгэлийг олж байсан тэрбээр уг нь тэр чигээрээ, дандаа давуу талаа харуулаад явсан бол Ерөнхийлөгч болж чадах байв. Гэвч “батлан хамгаалах асуудалд хатуу байр сууринаас хандана” гэсэн утгаар авахуулсан зураг нь ялагдалд хүргэсэн юм. Уг нь түүний санаа зөв байлаа, гэвч дэлхийн хоёрдугаар дайнд байлдаж явсан, хатуу чанга  нисгэгч эр Ж.Бушийн хажууд тэрбээр “алиалагч”байв. Үүнийгээ ч танкчины дүрд хувиран авахуулсан зургаараа нотолсон. Ингээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой хамгийн чухал асуудал дээр өрсөлдөгчөөсөө хол дутуу гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрчих нь тэр. Өрсөлдөгч нь алдааг чадамгай ашиглан пи-ар хийсэн билээ.

Жорж Буш.

Ж.Буш, М.Дукакис нарын оролцсон тэр сонгууль АНУ-ын түүхэнд хамгийн хүч тэнцвэргүй гэж тооцогддог. М.Дукакис аравхан муж, мөн Колумби тойрогт л ялалт байгуулж, үнэмлэхүй муу санал цуглуулсан бол Ж.Буш үлдсэн бүх мужид ялалт байгуулсан юм. Дээрээс нь угийн ярих чадвар султай, гол санал хураалтын үеэр ханиад хүрсэн гэдгийг тооцож үзвэл ялагдал ганцхан зурагнаас ч биш, “ер нь л бүх юм түүний эсрэг байжээ” гэмээр. Телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үедээ эмэгтэйчүүдийн саналыг авах боломжоо алдсаныг хэлэхэд л хангалттай. Тэрбээр цаазаар авах ялыг эсэргүүцдэг, үүнийгээ ил тод хэлдэг нэгэн байжээ.Телевизийн шууд нэвтрүүлгийн үед сэтгүүлч түүнээс “Жорж Буш таны хүүхдийг хөнөөж, эхнэрийг тань хүчирхийлсэн бол та цаазаар авах ял оноохгүй юу” гэхэд “Тийм. Би бүх насаар нь хорих ялаар солино” гэж хэлээд эсрэг хүйстнүүдийнхээ дургүйцлийг төрүүлсэн байх жишээтэй. Уг нь үзэл бодолдоо үнэнч байж, үнэнээ хэлсэн түүний зөв шүү дээ. Гэвч сонгууль гэдэг үнэн шударгаар яваад амжилт олдоггүй, тоглоом биш гэдгийг америкчууд М.Дукакист мэдрүүлсэн түүхтэй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)