Бээжингээс Парисыг зорьж буй Европийн 250-аад хүний бүрэлдэхүүнтэй 120 хуучны сонгодог, ганган, чамин, ховор, нандин төмөр хүлгийн цуваа Улаанбаатарт саатлаа. Гурав хоногийн өмнө Монголд орж ирсэн энэхүү цуваа өнөөдөр аяллын  дараагийн чиглэл рүүгээ буюу ОХУ-ыг зорихоор Чингисийн талбайд чуулсан юм.

Тэд энэ сарын 2-нд Бээжингээс хөдөлж, Улаанбаатарт хотод ирээд байгаа бөгөөд ОХУ, Казахстан, Финланд, Эстони, Латви, Польш, ХБНГУ, Бельги, Франц хүртэл 36 хоногийн турш 13 679.424 км замыг туулж ирэх долдугаар сарын 7-нд Парис хотод аяллаа өндөрлүүлнэ. Энэхүү аялалд явснаар адал явдлыг мэдрэхээс гадна Монгол, Казахстаны цөлд шөнийг өнгөрөөхөөс боломжтой гэдгийг тус аяллын сайт дээр онцлон тэмдэглэжээ. Аялагч нар өдөрт 400-650 км замыг туулдаг юм байна.

Австрали Улсын иргэн,  аяллын багийн гишүүн 106 дугаартай төмөр хүлгийн эзэн Билл “Энэ жил анх удаа энэхүү аялалд нэгдсэн. Өмнө нь хоёр ч томоохон аялалд 1993 онд үйлдвэрлэгдсэн Mercedes Benz загварын төмөр хүлгээрээ аялж байна. Тухайн үедээ гарч байсан анхны сонгодог загвартай авто машинуудын нэг.

Би 2015 онд энэхүү машинаа худалдан аван  дөрөв дэх том аялалдаа оролцож байна. Монголд үргэлжилж байгаа гурав хоногийн аялал гайхалтай сайхан байна. Хэдийгээр замын саад бартаа ихтэй  ч Монгол хүмүүсийн зочломтгой зан чанар маш их таалагдлаа” гэв.

Швейцар Улсын иргэн Даниел Спадини “Peking to Paris Motor Challenge” аялалд хоёр дахь удаагаа оролцож байгаа. 2013 онд анхны удаа оролцон өөр машинтай Улаанбаатар хотод ирсэн. Одоо унаж байгаа машин маань 1973 онд Францад үйлдвэрлэгдсэн механик хөдөлгүүртэй, уралдааны зориулалттай. Энэхүү аялалд оролцож байгаа томоохон шалтгаануудын нэг бол Монголд ирэх юм” хэмээн онцоллоо.

1907 оноос эхэлсэн “2019 Peking to Paris Motor Challenge” долоо дахь удаагаа ийнхүү үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн аялалд хамгийн эртний төмөр хүлэг нь 1 дугаартай 1907 оны “Contal Mototri Tricycle” загварынх байсан бол хамгийн он залуу нь 120 дугаартай 1975  оны “Contal Mototri Tricycle” загварынх ганган автомашин байлаа.