Хэнтий аймагт жил бүрийн зургадугаар сард аялал жуулчлалын эвент арга хэмжээ "Тогорууны баяр"-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн "Тогорууны баяр" Биндэр сумын нутаг Хурхын хөндийн Цагаан нуурт өнөөдөр болж байна. Монгол оронд долоон зүйлийн тогоруу байдгаас зургаа төрлийн тогоруу нь Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт ирж зусч намаржин, үр төлөө бойжуулдаг байна.
Монгол болон дэлхий дахинд ховордож байгаа цэн тогоруу болон ус намгархаг нутгийг хамгаалах тухай иргэдийн мэдлэгийн нэмэгдүүлэх, төрөлх нутгаараа бахархах, байгалиа хайрлах үзлийг төлөвшүүлэх, мөн ховор зүйлийн шувуудын өлгий болох Хурх-Хүйтэний голын хөндийн хамгаалалтыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэхүү "Тогорууны баяр"-ыг зохион байгуулдаг ажээ. "Тогорууны баяр"-ын үеэр нэн ховордсон шувуудын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тогорууны тухай зохион бичлэгийн уралдаан, бүжгийн тэмцээн зохион байгуулах юм байна.

