Арабын хавар 2.0

Түүх давтагддаг...

2011 онд Ойрхи Дорнод, Хойд Африкийг орнуудыг хамарсан “Арабын хавар” гэгдэх болсон цуврал төрийн эргэлт 2019 онд давтагдаж байна. Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн төрийн эргэлт хийх хүчийг олж, цэргийнхэн үүнд нь оролцож буй. Энэхүү үйл явц одоогоор Судан, Алжир, Ливид харилцан адилгүй түвшинд өрнөж байгаа бөгөөд харьцангуй тайван Йорданд ч халдварлажээ.

2011 оныхыг бодвол олны анхаарлыг тэгтлээ татахгүй үргэлжилж буй ч “Арабын хавар 2.0” өмнөхөө бодвол илүү удаан үргэлжилсэн, олон ангитай болж мэднэ гэж зарим ажиглагч хэлж байгаа юм.

Алжир

Эсэргүүцлийн хөдөлгөөн 2019 он гарсны дараахан олон оронд зэрэг өрнөсөн ч алжирчууд анхлан амжилтад хүрч, 20 жил засагласан 82 настай Абдель Азиз Бутефликаг түлхэн унагасан.

Тэрээр Ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогдсон, 2013 онд зүрхний шигдээс болсноосоо хойш ихэнх цагаа Европт эмчилгээ хийлгэж өнгөрөөдөг болсон хэрнээ тав дахь удаагаа сонгогдох гэж зөнөглөснөөс унах нүхээ ухсан аж.

Гэхдээ улс төрийн тэмцэл, хөдөлгөөн нь дуусаагүй. Шинэ сонгууль болтол 90 хоногийн хугацаанд Засгийн эрхийг А.Бутефликагийн хамсаатан, бас нэг хөгшин улстөрч, Парламентын дарга авсан. Бутефликагийн бүлэглэл энэ завшааныг ашиглан өөрийн хүмүүсээ төрийн чухал албанд тогтоож үлдэхийг эрмэлзэж буй. Цэргийн эрх мэдэлд ихээхэн ач холбогдол өгч, ялангуяа Жанжин штабын дарга, генерал Ахмед Гаид Салахыг байлгаж байгаад төрийн тэргүүн болгочих санаатай байна.

Үүнийг ард түмэн мэдэлгүй яахав. Төр засгийн удирдлагад өмнөх дэглэмийнхэн нь өөрийн хүнээ яаж ийгээд гаргачихсан Египет гээд бэлэн жишээ нүдэн дээр нь байхад. Египетчүүд их ч юм үзэж туулж байж эцсийн дүндээ генерал Мубаракийг генерал аль Сисигээр сольсон. Тиймээс алжирчуудын амнаас “Бүгдийг нь зайлуул” гэсэн шаардлага л хамгийн хүчтэй сонсогдож байна.

Судан

Хувьсгал Хойд Африкийн бас нэг улс Суданд Алжираас илүү сонирхолтой өрнөж байна. Талхны үнэ гурав дахин нэмэгдсэнээс үүдэлтэй жагсаал өнгөрсөн олны сүүлээс эхэлж, эрчимжсээр цус асгаруулж эхэлсэн тул цэргийнхэн дундаас нь оролцож, улс орныг 30 жил удирдахдаа юм, юм хийсэн Ерөнхийлөгч Омар Баширыг баривчлав.

Омар Баширыг Дарфурт аймаглан устгал хийснийх нь төлөө Хаагийн олон улсын шүүхээс баривчлах тогтоолыг 2008 онд гаргасан байсан юм.

Судан нь нутгийн хойд хэсгийн араб гаралтай олонх нь өмнөдийн христийн шашинт цөөнхөө улс төр, эдийн засгийн хувьд дарангуйлан оршдог улс байв. Нэг улсын ард иргэд гэхэд хойд, өмнөдүүд нь үндэстэн болоод шашин, соёлын хувьд хоорондоо хятад, норвеги хоёр шиг л ялгаатай байсан нь ийм үл зохицолдох байдал үүсгэжээ.

Хоорондоо хоёр ч удаа иргэний дайн хийж байв. Иргэний дайны эхнийх нь 1955-1972 онд, хоёр дахь нь 1983-2005 онд үргэлжилсэн. Нэг улсад эв найртай амьдарч чадахааргүй болтлоо үзэлцсэн. Нутгийн өмнөд хэсгээс газрын тосны орд илэрсэн нь мөнгөний урсгалыг хянахын төлөөх өрсөлдөөнийг эхлүүлж, дайны галд тос нэмэв.

Энэ зөрчил дээр нь АНУ тоглолт хийж, Өмнөд Судан 2011 онд тусгаар тогтнолоо зарласан. Газрын тосны нөөцийн дөрөвний гурвыг эзэмшдэг мөртлөө хүн ам цөөн, 10-хан сая байсан нь өмнөдүүдийн өрх тусгаарлах шалтгаан байсан юм. Гэтэл 30 сая хүн амтай хойд Суданд газрын тосыг далайд хүргэх дэд бүтэц нь үлдэж хоцорсон байв. Өмнөдүүд газрын тосоо дамжин өнгөрүүлэхээр хэлэлцээ хийж эхэлтэл Омар Башир баррель газрын тос нэвтрүүлсний хөлсөнд 32-34 ам.доллар нэхжээ. Өмнөд Судан хариуд нь 1 ам.доллар санал болгож, газрын тос дамжуулах хоолойгоо Суданыг тойруулж тавина гэж сүрдүүллээ. Эцэст нь 8-10 ам.доллараар тохирчээ.

Гэхдээ сул мөнгө орж ирлээ гээд эдийн засаг нь өөдөлсөнгүй. Хямрал нүүрлэж, 2019 он гараад ганц, хоёр сар болоход л инфляц 73 хувь болсон байна. Ард түмэн бослоо. Омар Башир амь тэмцэж, эдийн засгийн шинэчлэл хийнэ, цалин нэмнэ гэж дарангуйлагчийн амнаас гарч байгаагүй сайн үг унагасан ч нэмэр болсонгүй. Арми эсэргүүцэгчдийн талд орсноор зам нь шулуудах нь тэр. 30 жил засагласан дарангуйлагч ийнхүү явсан ч ард түмний тэмцэл дууссангүй.

Цэргийнхэн төрийн эрх мэдлийг хоёр жилийн дотор иргэний нийгмийнхэнд шилжүүлнэ гэснийг чамлан дахиад эсэргүүцэл зарлаж байна. Тэд төрийн эрхийг аль болох хурдан шилжүүлэхийг шаардаж буй. Барууны орнууд асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалаад эхэлсэн.

Өмнөд Суданд мөн иргэний дайн дэгдэхэд ойрхон болсон аж. Тус улсын иргэдийн 51 хувь нь динка, 49 хувь нь нуэйра үндэстэн бөгөөд сонгууль болоход динка үндэстэн Сальва Кийр хүний олноор Ерөнхийлөгч болдог. Нуэйра үндэстэн Риека Мачара дэд ерөнхийлөгч болдог аж. Сальва Кийр 2013 онд Риека Мачарагаа огцруулснаас болж эвлэршгүй дайснууд болжээ. Ромын пап лам Франциск өнгөрсөн долоо хоногт энэ хоёрын хөлийг үнсэж, иргэний дайн гаргахгүй байхыг гуйсан билээ.

“Арабын хавар 2.0” Йорданд ард түмний эсэргүүцэл, тэмцлийн шатанд яваа бол Ливид иргэний дайны хэмжээнд хүрсэн. Алжир, Суданаас гадна дахиад хэдэн улсад төр солигдохыг хэлэхэд эрт байна.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)