Үнэний амт гашуун сархадаас ч нясуун...

Энэ хавар, зуны заагт Америкийн цуутай “бохир реалист” зохиолч Чарльз Буковскийн хоёр ч роман монгол хэлнээ буулаа. “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн “Шуудан хороо” романыг нь орчуулагч Гамбиногийн зүтгэлээр хэвлүүлсэн бол, шинээр байгуулагдаж буй “boobooks” creative team-ээс эрхлэн “Хүүхнүүд” романыг нь Б.Хатантөмөрийн орчуулгаар хэвлүүлж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Ингээд дэлхийн бардуудын шүтээн болсон Чарльз Буковскийн талаар 5 баримт хуваалцъя.

Чарльз Буковскийн амьдралын таван мөчлөг:

Гэр бүлээс гадуурх хүүхэд бас цагаач

Чарльз Буковски өөрийгөө гэрлэлтээс гадуурх жирэмслэлтийн “үр дүн” хэмээн үздэг ч төрөхөөс нь нэг сарын өмнө эцэг эх нь гэрлэлтээ батлуулсан тухай баримт бичиг хожим олдсон юм. Түүнийг гурван настайд эцэг, эх нь АНУ руу нүүж, анх Мэрилэндийн Балтиморт, улмаар 1930 онд Лос-Анжелес хотод суурьшжээ.

“Looser” хүүхэд нас

Нэрт яруу найрагчийн хүүхэд нас тийм ч жаргалтай өнгөрөөгүй гэдэг. Герман аялгаасаа болж гадуурхагдаж, гар хийцийн ядруухан хувцас, нүүр дүүрэн батгаас нь болоод түүнтэй нөхөрлөх хүүхэд ч байсангүй. Үүний дээр эрхэлсэн ажилгүй, архичин эцэг нь үргэлж зодно. “Зовлон минь уур хилэн болж, уур хилэн минь уран бүтээл болсон юм” гэж тэрээр хожим дурссан нь бий.

10 жилийн уулт

Чарльз Буковски 24 настайдаа “Уртаас урт татгалзсан хариуны гор” нэртэй өгүүллэг бичсэн нь “Стори” сэтгүүлд хэвлэгдэв. Хоёр жилийн дараагаас бас бус өгүүллэгүүд нь сонин сэтгүүлүүдээр хэвлэгдэх болсон ч Буковски бичиж туурвих ажлаа гэнэт орхин, бараг арван жил үзэг цаас нийлүүлээгүй байна. Эдгээр он жилүүдээ тэрээр “Арван жилийн уулт” хэмээн нэрийдэж, хожмоо өөрийн уран зохиолын хувилбар болох Хэнри Чинаскигаар дамжуулан өгүүлсэн нь намтарчилсан бичлэгийн өвөрмөц туурвил болон үлджээ.

Насны бөгсөнд ирсэн алдар

1960-аад онд хиппи хөдөлгөөн хүчээ авч, үүнийг дагаад Буковскийн алдар нэр ч өссөн юм. Чөлөөт сонин сэтгүүлүүд өргөн уншигдахын хэрээр, Буковскийн шүлгүүд ч энд тэндгүй хэвлэгдэх болжээ. Гучин жил үргэлжилсэн бүтэлгүйтэл, өөртөө итгэл алдрам он жилүүдийн эцэст, өөрөөр хэлбэл тавь хүрсэн хойно нь л “Блэк Спэрроу” хэвлэлийн газраас ажлын санал тавьснаар Буковски 10 гаруй жил ажилласан “Шуудан хороо”-гоо орхив. Энэ тухайгаа тэрээр, “Надад хоёр сонголт байсан. Нэг нь шуудан хороондоо ажилласан чигтээ галзуурч дуусах, нөгөө нь ажлаасаа гарч зохиолчийн замналаар замнан өлбөрч үхэх. Харин би турж үхэхийг нь сонгосон” хэмээн дурсжээ.

Хэвлэлийн газартай гэрээнд гарын үсэг зурснаас хойш ердөө гурван долоо хоног өнгөрөхөд “Шуудан хороо” нэртэй анхны бүрэн хэмжээний романаа бичиж дуусав. Үүгээр ч зогссонгүй, “Блэк Спарроу” хэвлэлийн газрын санхүүгийн дэмжлэг, хүлээлгэсэн итгэлийн ачаар Чарльз Буковскийн дараа дараачийн томоохон бүтээлүүд төрөн гарсан юм.

ХҮҮХНҮҮД роман: “Хоригдмол төсөөллийн төрх”

Тэрээр амьд ахуйдаа бүрэн хэмжээний зургаан роман бичсэнээс хамгийн их уншигдсан нь “Хүүхнүүд” хэмээх таван мөчлөг намтарчилсан бүтээл юм. Энэ романдаа тэрээр эр хүний хоригдмол далд төсөөллийг л ил болгон бичсэнээрээ хэнээс ч хамааралгүй ганц бие эр, нийгмээ үл хүлцэх тэрслэгч, эрх чөлөөг хүсэмжлэгч эрин үеийнхээ эрс шулуун дуу хоолой болж чаджээ.

Тэр өөрийн зохиол бүтээлээрээ дамжуулан хэрэглээний нийгмийн нийтлэг хэв маяг болоод буй хий хоосон зүйл мөрөөдөж, тохь тухын эргүүлэгт бодит амьдралаас тасарсан хүн төрөлхтний өрөвдөлтэй, хязгаарлагдмал ахуйг зад шүүмжилсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)