Хоригийн талаарх хоёр байр суурь

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сард Татварын багц хуульд хориг тавьсан. Уг хоригийг нь УИХ тавдугаар сарын 24-нд хэлэлцээд хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм. Улмаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авахаас татгалзах тухай 51 дүгээр тогтоолоо баталсан. Гэвч Ерөнхийлөгч уржигдар энэхүү тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн билээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8-д зааснаар Ерөнхийлөгч нь УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгч дээрх УИХ-ын тогтоолд хориг тавсьнаараа бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлснээс хойшхи долоо дахь хоригоо тавиад байгаа юм.

Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч дахин хориг тавьсныг нэг асуудлаар хоёр удаа хориг тавих боломжгүй гэхчлэн судлаачид хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар: "Хоригийг хүлээж аваагүй тогтоолд хориг тавина гэж юу байхав. Хэрэв тухайн тогтоолыг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Цэцэд хүсэлт гаргах эрх Улсын Ерөнхийлөгчид бий. Тодруулбал, УИХ-ын тогтоол,УИХ-ын хуралдаан даргалагчийн талаар" хэмээн бичсэн байна.

Тэгвэл судлаач, хуульч  Н.Гантулга арай өөр байр суурьтай байгаа аж. Тэрээр парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авчихаад эсрэг тогтоол гаргасан. Учир нь тухайн хоригийг хүлээн авах эсэх тухай хэлэлцсэн хуралдааны ирц нь УИХ-ын гишүүдийн 2/3-т хүрээгүй гэж үзсэн байна. Тиймээс хоригийг хүлээн авсан гэсэн үг хэмээн тайлбарласан байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)